Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Хятадын бизнес форумд оролцов

М.Саран

2018-04-11 18:53:16

alternative title

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн форум болж, хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа.

Форумын нээлтэд Ерөнхий сайд оролцон үг хэллээ. Тэрээр хоёр улс эдийн засгийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгааг тэмдэглэв. БНХАУ-тай хийж байгаа худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, экспортын барааны нэр төрлийг олшруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгааг хэллээ. Цаашид зөвхөн уул уурхайн гэлтгүй бусад салбарт хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи, инноваци нутагшуулахыг зорьж байгааг тэмдэглэв.

Хоёр улсын бизнес эрхлэгчид төр, засгийн бодлогыг дэмжиж, хөгжлийн хэтийн төлөв, ард иргэдийн найрсаг харилцааны эрх ашгийг харгалзан өргөн хүрээнд, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа.

Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Жян Зөнвэй хэлсэн үгэндээ “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх  ёстой. Монгол Улсад үйлдвэржилтийн эрэлт хэрэгцээ их байгаа. Манай улс энэ чиглэлд туршлагатай бөгөөд хамтран ажиллах боломжтой” гэлээ.

“Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ижил тэгш боломж олгож байгаа. Өөрөөр хэлбэл ямарваа нэг байдлаар ялгаварлахгүй. Татварын бодлогоор ч дэмжинэ” гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  хэлэв.

Энэ удаагийн форумд хоёр улсын 600 гаруй бизнес эрхлэгч оролцож байгаа бөгөөд хүнс, хөдөө аж ахуй, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа, уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтэц, барилгын салбарын хамтын ажиллагаа сэдвээр харилцан саналаа солилцож байна.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19