"Эрднэс тавантолгой" хөрөнгө оруулагчдаас нэг тэрбум ам.доллар босгох боломжтой

М.Саран

2018-04-16 18:49:39

alternative title

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны тайланг тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганхуяг танилцуулсан юм.

Компанийн үйл ажиллагаа идэвхтэй, эдийн засгийн үр өгөөжтэй явж ирсний дүнд 80.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, өнөөдөр дотоодод болон гадаадад ямар ч өр төлбөргүй болсон талаар онцолж байв. Ингэснээр нөөцийн үнэлгээг баталгаажуулах, стратегийн томоохон төсөл рүү орох уурхайг хөгжүүлэх нэгдүгээр шатны гараанд гарч иржээ. Хөрөнгө оруулагчдаас нэг тэрбум ам.долларыг урьдчилсан байдлаар олон улсын зах зээлд ч, төслийн хүрээнд ч босгох бүрэн боломжтой болж бэхэжсэн бөгөөд 2017 онд хийсэн ажлын дүнд ордын үнэлгээг 8 тэрбум ам.долларт хүргэх боломжтой аж.

2017 онд олборлолтыг 33 хувь, борлуулалтыг 13 хувиар өсгөж, 8.5 сая тонн нүүрсээс 1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого орж, улсын төсөвт 243 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 438.4 тэрбум төгрөгийн ашиг олжээ. Нөөцөө 60 орчим сая тонн нүүрсээр өсгөж, Хятадын зах зээлд өрсөлдөх боломжтой болсон, 2017 онд 8.5 сая тонн нүүрс экспортолсон зэрэг статистик мэдээллүүдийг танилцуулж байв.

Хөгжлийн нэгдүгээр үе шатандаа орохын тулд барилга байгууламж, парк шинэчлэл, бусад төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлж, олон улсын дэвшилтэт технологи конверийг нэвтрүүлэхээр болсон бөгөөд Нүүрс баяжуулах зайлшгүй шаардлагын үүднээс Баяжуулах үйлдвэрийн төслийг эхлүүлэх, “Энержи Ресурс” болон хилийн чанад дахь үйлдвэрүүдтэй баяжмал үйлдвэрлэхэд хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа аж. Нүүрс баяжуулах үйлдвэрийг 330 сая ам.доллараар байгуулах ТЭЗҮ-г урьдчилсан байдлаар батлуулсан бөгөөд 2018-2020 онд 1-5 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтайүйлдвэр ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн стратеги төлөвлөгөөтэй шууд холбогддог Төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, автозамын төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч буй аж. Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэг тэрбум ам.доллар босгох, 1.5 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХХК хамтарч ажиллах бүрэн боломжтойг илэрхийлж байв.

“Эрдэнэс Тавантолгой” дөрвөн лицензийн хүрээнд 5 тэрбум ам.доллараарүнэлэгдэж байгаа. Тиймээс IPO гаргахад нэг тэрбум ам.доллар босгох бүрэн боломжтой. Хоёр долоо хоногийн өмнө 2511000 иргэний 1072 хувьцааг “Эрдэнэс Тавантолгой” өөрийн баланс дээрээ бүртгэж авчээ. Үүнтэй холбогдуулж 4 дүгээр сарын 27-нд нийт хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, компанийн дүрмийг өөрчилж, шинэчлэхээр товлосон байна.

Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй олборлогч компаниуд ийн мэдээллээ танилцуулсны дараа Ерөнхий сайд болон Зам тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нар холбогдох шийдвэрийг гаргаж, үүрэг даалгавар өглөө.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Нүүрсний тээврийн хил нэвтрэх “С” зөвшөөрлийг эмх замбараагүй олгодог байдлыг зогсоож, тухайн олборлогч компани худалдан авагч талтайгаа шууд хэлэлцээр хийсний дүнд олгож байх шийдвэрийг гаргасан юм. Тэрбээр “Уурхайн аман дээрээс ачилт хийхээ зогсоож тээвэрлэлтийн асуудлаа өөрсдөө хариуц. Жолооч нарын асуудлыг гэрээлэгч компаниуд хариуц. Хоёрдугаарт төмөр замын 1.5 тэрбум долларын санхүүжилтийг энэ Засгийн газар гаргаж чадахгүй. Тиймээс нүүрс олборлогч компаниуд өөрсдөө асуудлаа санаачлах хэрэгтэй. Энэ тал дээр Эрдэнэс Монгол компани санаачилгатай ажиллах ёстой. IPO хийж хөрөнгө оруулалт татах, төмөр замаа барих тодорхой саналуудаа гаргаад яваарай. Мөн “Энержи Ресурс”-ын тавьсан Цагаан дэл, Ханги мандал гэсэн хоёр боомт нэмэх асуудалд Засгийн газар дэмжиж ажиллаж маршрутыг нь баталжөгье. Түүнчлэн дахиад нэг хүнд даацын авто замын асуудал яригдаж байгаа. Энэ концесс нь дүгнэх шатандаа яваа” гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой” компанийг нэгдсэн зохион байгуулалтад орж, тээвэр ложистикээ өөрсдөө хийж гүйцэтгэх, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх, Гашуун сухайтын авто зам төслийг “Эрдэнэс Тавантолгой”-н доор нэгтгэж, шууд удирдлагаар хангах үүргийг өгөв. Мөн тэрбээр, Таван толгойн үйл ажиллагааг эрчимжүүлж, өргөжүүлэх, цаашлаад дэлхийн зах зээлд түүхий эдийн нүүрс өссөн байгааг ашиглаж борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчит үйлдвэрийн газар болоход Засгийн газар бүрэн дэмжиж ажиллана гэв. Мөн урт, уртын урт, богины тээвэрлэлтийг хэрхэн үргэлжлүүлэх талаар Зам тээврийн хөгжлийн сайдтай зөвлөлдөж шийдвэр гаргахаар боллоо.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Тавантолгойн үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортыг өсгөхөд яалт ч үгүй төмөр замаа яаравчлан барьж байгуулах шаардлагатайг тодотгож байв. Зээл авах, тусламж гуйхаас илүү экспортын орлогыг нэмэх талаар Засгийн газар анхаарч, энэ хүрээнд Гашуунсухайт боомтын хөгжлийг сайжруулахаар 148 сая юань буюу 24 орчим сая ам.долларын хөрөнгө оруулах гэрээг байгуулсан. Боомтыг сайжруулах, олон улсын жишигт хүргэх ажлыг 2019 он гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа. Экспортоор гарч байгаа бүхий л түүхий эдийг бүртгэдэг, татвараа авдаг байхад анхаарна гэлээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл