Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт эхэллээ

М.Саран

2018-04-25 12:43:35

alternative title

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2017-2018 оны улирал өндөрлөх шатандаа орж хагас шигшээ тоглолт эхэллээ.

Урьд шөнө Английн Ливерпүүл клуб талбайдаа Италийн Рома клубыг хүлээн авч 5-2 харьцаатай буулгаж авснаар энэ улирлын аваргуудын лигт ганц ч хожигдоогүй гэсэн цувралаа үргэлжлүүллээ.

Энэ тоглолтонд Рома клубээс Ливерпүүл клубт өнгөрсөн зун ирсэн Египетийн “хан хүү” М.Салах хоёр гоол, хоёр гоолын дамжуулалт өгч энэ тоглолтын шилдгээр шалгарч байна.

Ливерпүүл 5-2 Рома (гоол: М.Салах 35’, 45’, С.Манэ 56’, Р.Фирминьо 61’, 68’, Э.Жеко 81’, Перотти 85’ пен)

Ливерпүүл: Л.Кариус, А.Робертсон, Д.Ловрен, ван Дейк, Т.Александр-Арнолд, Ж.Милнер, Ж.Хендерсон, А.Окслейд-Чемберлайн (Ж.Вейналдум 18’), С.Манэ, Р.Фирминьо (Н.Клаван 90+3’), М.Салах (Ингс 75’)

Рома: Бекер, Фазио, Манолас, Х.Жесүс (Гоналонс 67’), Флоренци, де Росси (Перотти 67’), Строотман, А.Коларов, Ч.Ундер (Щейк 46’), Найнголан, Э.Жеко.

Энэ тоглолтонд хэдийгээр Ливерпүүл клуб хожил байгуулсан ч тийм баталгаатай хожил гэж хэлэхэд эрт байгаа.

Учир нь тоглолт эхлээд удаагүй байхад дундын шугаманд довтолгоонд хүч нэмж байсан А.Окслейд-Чемберлайн гэмтэл авч талбайг орхисон бол М.Салахыг сэлгээгээр сууснаас хойш талбайн эздийн довтолгоо эрс суларч байсан.

Рома клуб дунд шөвөгт Барселона клубын талбайд 4-1 харьцаатай хожигдоод өөрсдийн талбайдаа гайхалтай эргэн ирэлт хийж 3-0 харьцаатай хожил байгуулж хагас шигшээд шалгарсан.

Иймд хагас шигшээгийн энэхүү цуврал бүрэн шийдэгдсэн гэхэд арай эрт байна. Дахиад тун сонирхолтой 90 минут хүлээж байна. Хариу тоглолт долоо хоногийн дараа Ром хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болно.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл