Манай улсын даамчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 48 медаль хүртжээ

М.Саран

2018-04-30 14:50:49

alternative title

БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Зуун буудалт даамын үндсэн, рапид, блиц төрлүүдээр зохиогдсон тус тэмцээнд Монгол, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Туркменистан, Пакистан, Сингапур, Япон, Тайланд зэрэг 10 улсын тамирчид 36 багц медалийн төлөө ухаанаа уралдуулсан юм.  

Манай улсаас нийт 67 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдсөн бөгөөд 13 алт, 19 мөнгө, 16 хүрэл, нийт 48 медаль хүртэж, багийн дүнгээр зохион байгуулагч орны дараа хоёрдугаар байрт оров.  

Тэмцээний төрөл тус бүрээр ангилбал үндсэн төрөлд 17 медаль (4 алт + 6 мөнгө + 7 хүрэл), рапид буюу түргэн тоглолтын төрөлд 16 медаль (6 алт + 6 мөнгө + 4 хүрэл), блиц буюу түргэвчилсэн тоглолтод 15 медаль (3 алт + 7 мөнгө + 5 хүрэл) авчээ. Манай даамчдаас 28 тамирчин медаль хүртсэн бөгөөд Б.Мөнхжин, Б.Мишээл, Г.Дүүрэнбилэг, С.Мөнх-Оргил, Г.Буяндэлгэр, Б.Энхрийлэн нар оролцсон төрөл болгоноосоо медаль зүүжээ.    

Тэмцээний эрэгчтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд Ц.Отгонбилэг хоёрдугаар байр эзэлж,  Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд гуравдугаар байрыг залуучуудын алтан медалийн хамт хүртсэн 12 настай Э.Хүслэн Дэлхийн даамын холбооны мастер цолын болзлыг биелүүллээ.

Эдгээр тамирчид 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхийг авсан юм.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл