Л.Амаржаргал: Замын хөдөлгөөнд оролцоход ганцхан боломж гэж хэзээ ч байдаггүй

М.Саран

2018-05-09 15:13:52

alternative title

Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Бяцхан зорчигч” аяны хүрээнд зам тээврийн осолд хүүхэд хэрхэн өртдөг, түүнээс яаж сэргийлэх талаар  ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Л.Амаржаргалтай   цөөн хором ярилцлаа.

-“Бяцхан зорчигч” энэ сарын нэгнээс зургадугаар сарын 1 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм байна. Уг аяны  гол зорилго нь юунд оршиж байгаа вэ?

-Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газраас   үндэсний хэмжээнд  “Хайрла хамгаал”,  “сэрэмжилье нэгдье”, “Хуулийн хэрэгжилт”, “Хүүхэдээ хайрлая” зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулан явуулсан. Эдгээр арга хэмжээний хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, хулгайн гэмт хэрэг, архидан согтуурах, бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурсан үзүүлэлтэй гарсан. Иймд 2018 оны тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Үүний зорилго нь хүүхдийг зам тээврийн хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн  хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд хүүхдийг аюулгүй зөв оролцуулах, замын хөдөлгөөнд оролцох дадлыг  зөв хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлж, хууль  эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахад чиглэж байгаа юм.

-Энэ аяны хүрээнд ямар ажлууд зохион байгуулах вэ?

-Уг аяны хүрээнд нилээдгүй ажлыг төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, авто замд ойр байрлалтай эрсдэл бүхий сургууль орчмыг  стандартын дагуу тохижуулахаас гадна эцэг эх, багш нарт зориулсан “Замын хөдөлгөөний” зааварчилгаа номыг хэвлүүлж эхлээд байна. Мөн урлагаар замын хөдөлгөөний дүрмийг хүүхэд багачуудад ойлгуулах зорилгоор Монголын Хүүхэлдэйн театр бяцхан хүүхэд багачуудад тоглолт сонирхуулна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах элч хүүхдийг тодруулах, жил бүр уламжлал болгон зохиогддог “Замын хөдөлгөөний цагаан толгой” гээд олон арга хэмжээг зохион байгуулан явуулахаар төлөвлөж байна.

Нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа хэдий ч эцэг эх асран хамгаалагч томчуудын хүүхэддээ үзүүлэх зөв үлгэр дуурайлал хамгийн чухал. Авто замын хөдөлгөөнд оролцож байгаа үедээ дүрмээ биелүүлж, хайртай хүүхдэдээ учирч болох эрсдлээс хамгаалах хэрэгтэй. Ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг.

Замын хөдөлгөөнд оролцоход ганцхан  боломж  гэж хэзээ ч байдаггүй. Харин тэр ганц боломжийг иргэн өөрөө бүрдүүлж өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалж чадна.

-Ер нь он гарсаар хүүхэд зам тээврийн осолд өртсөн нөхцөл байдал ямар байна вэ?

-Улсын хэмжээнд 2018 оны нэгдүгээр улиралд бүх төрлийн 10.753 гэмт хэрэг бүртгэгдсэний дотор Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн 2.8 хувийг эзэлж байна. 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 150 бүртгэгдэн ослын улмаас гурван хүүхэд амь насаа алдаж,  139 хүүхэд гэмтэл авснаас 23 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн үзүүлэлттэй байгаа. Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүний 14.8 хувийг хүүхдийн нас баралт, гэмтсэн хүний 18.2 хувийг хүүхэд эзэлсэн үзүүлэлт гарсан. Осол хэргийн улмаас орон нутагт  зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд амь насаа алдаж,  нийт гэмтсэн хүүхдийн 62.6 хувийг нийслэлд  гарсан осол эзэлж  байгаа юм.

-Хүүхэд тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа амь нас эрүүл мэндээрээ хохирох гол шалтгаан нь юу вэ. Үүнээс сэргийлэх ямар арга байна вэ?

-Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар зам тээврийн осол хэрэг 4217 бүртгэгдснээс хэргийн улмаас 159 хүүхдийн амь нас хохирч, 312 хүүхэд эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирсон. Амь нас нь хохирч буй хүүхдүүдийн хувьд хамгийн аюулгүй эрсдэлгүй гэж бодож яваа аав, ээжтэйгээ тээврийн хэрэгслээр орон нутгийн замд хохирч байгаа бол бэртэж гэмтэж буй хүүхдийн хувьд  явган зорчигч буюу бага насны хүүхдийг хараа хяналтгүй оролцуулах, тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ хохирч байгаа нь харамсалтай. Хүүхэд аав ээжтэйгээ байх үедээ өөрсдийгөө аюулгүй гэж тооцдог. Иймд эцэг эх, томчууд бид хүүхдийнхээ аюулгүй байдлыг өөрсдөө хамгаалах хэрэгтэй.

Хүүхдийг тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэхгүй байх хэрэгтэй. Тухайлбал,машины цонхоор толгой биеийг гаргах, босгож явах, өвөр дээрээ болон жолооны хүрдний ард суулгах гэх мэт. Мөн бага насны хүүхдийг  хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шаардлагатай. Тухайлбал, унадаг дугуй, ролик, скүтер зэрэг тоглоомоор авто замын зорчих хэсэг, зам дээр тоглуулахгүй байх нь чухал.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл