Жендерийн мэдрэмжгүй байдал сэтгүүлчдийг ч тойрсонгүй...

Админ

2018-05-05 16:05:00

alternative title

Олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангаж, тэдний харах нүд, сонсох чих болох онцгой үүргийг гүйцэтгэдэг хүмүүс бол сэтгүүлч. Тэднийг нийгмийн сэтгэл зүйг эмчлэгч эмч, соён гэгээрүүлэгчид гэдэг. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн иргэдэд өгч байгаа мэдээллээс тухайн нийгмийн сэтгэл зүй, авиваа асуудалд хандах хандлага тодорхойлогдож байдаг.

Тэгвэл сэтгүүлчид энэ онцгой үүргээ хангалттай гүйцэтгэж чаддаг болов уу?

Нийгмийн бүхий л давхаргад хүрч чадах энэхүү салбарынханд анхаарах шаардлагатай, алдаа дутагдал хэд хэдэн зүйлс байгаагийн зөвхөн нэгийг нь энд онцлоё.  

Бидний хүүхэд байхаас л эцэг, эх, ойр дотныхон “Эмэгтэй юм байж даруухан бай, эрэгтэй юм чинь зоригтой бай”, “Эр муу ч эмийн дээр”, “Муухан эрээс дээр” гэх мэт зүйр үгээр үлгэрлэн, хүмүүжүүлж ирсэн нь нууц биш. Бид бүгд л энэ замаар эдгээр үгийг сонсож хүн болж төлөвшсөн. Магадгүй энд авах тал бий ч, гээх тал их бий.

Монголчууд бид “Жендэр” гэх үгийг олон жил хэрэглэж байна. Гэхдээ утгыг нь төгс ухаж ойлгоод хэрэглэж байна уу гэвэл хараахан үгүй. Учир нь, жендер гэдгийг эмэгтэй хүний тухай, эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь гаргаж ирсэн нэр төр, албан тушаал ахих агуулга бүхий үг гэж ойлгодог. Тэр ч бүү хэл УИХ-ын зарим гишүүд ч үүнийг эмэгтэйчүүдийн асуудал гэж хэлж байсан удаатай.

Угтаа бол жендэр нь тухайн нийгмийн нөлөөгөөр бүрэлдэн тогтсон “эрэгтэй”, “эмэгтэй” хүмүүсийн ялгаатай байдал ба тэдний хоорондох харилцаатай холбоотой ойлголт.  Харин эрэгтэй, эмэгтэй хүний ялгаатай зан үйл, хүсэл эрмэлзэл, хэрэгцээг эн тэнцүү анхаарч, үнэлж байхыг жендэрийн тэгш байдал гэдэг билээ.

Манай сэтгүүлчдийн гаргадаг нийтлэг “алдаа”-г цухас дурьдая.

“Улстөрийн янхан”, “Ах намын ам нь үдээстэй 12 эгчид  хүүхдийн төлөө ЗА гэх сэтгэл даанч алга”, "Тэдэнд идэж ууж, унтахаас өөр ид шид алга”, “Эмэгтэй гишүүд амьд уу”, “Согтуу эмэгтэй гишүүн ордноор сэлгүүцэж явна”, “Эхнэр нөхрийгөө санхүүгийн амжилтад хүрэхэд хэрхэн садаа болж болох вэ”...зэрэг гарчигтай нийтлэл, сурвалжлага, мэдээнүүдийг уншигч та хэвлэл мэдээллийн хэрэгслээс уншиж байсан биз ээ.

Хэн нэгэн албан тушаалтан болон хувь хүний алдаа нь тэдний нас, хүйстэй холбоотой мэтээр бичих нь өрөөсгөл. Олон нийт мэдээллийн чөлөөт урсгалд ухаалгаар хандан аливаа мэдээллийн үнэн худлыг ялган салгахад бэрх байгаа энэ үед сэтгүүл зүй тэдний төөрөгдлийг тайлж, асуудлыг судлан шинжлэх ёстой. Гэтэл асуудлыг бодлогын түвшинд авч үзэхгүйгээр өнгөц харагдах байдал, өмссөн зүүсэн, идсэн уусантай нь холбон зарим тохиолдолд хэт явцуу тайлбарыг олон нийтэд өгч байна. Энэ нь бол сэтгүүл зүйн салбар жендерийн мэдрэмжгүй байгаагийн хамгийн наад захын жишээ. Телевиз, радиогоор цацагддаг реклам сурталчилгаа, сэтгүүлийн нүүр, зарим мэдээ сурвалжлагууд гээд дурьдаад байвал уртаас урт жагсаалт гарах нь лавтай.  

Энд сэтгүүлчийг буруутгах гэсэнгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага ардчиллаар олгогдсон үүргээ биелүүлэх нь чухал. Гэхдээ хэл, соёл, шашин шүтлэг, үндэс угсаа, гарал үүсэл, хүйс цаашлаад нийгэм дэх олон талт байдлыг мэдээ, нийтлэлдээ зайлшгүй тусгах шаардлагатай.

Эмэгтэй, эрэгтэй хүнийг ижил үйлдэл гаргахад эмэгтэйг нь онцолж шүүмжлэх, улс төр, уурхайтай холбоотой асуудалд эрэгтэйчүүдийг онцлон ярих, хүүхэд эмэгтэйчүүд, хүчирхийллийн асуудалд эмэгтэй гишүүдийг дугарсангүй гэж явцуурах нь мэргэжлийн сэтгүүлчээс гарах үйлдэл биш гэлтэй. 

Асуудал байгааг олж харсан бол түүний цаад учир шалтгаан болоод түүний үр дагавар цаашлаад түүнтэй хэрхэн тэмцэж байгааг, хэргийн эзэн чухам /хэн/ байсныг олон талын эх сурвалжаар баталгаажуулан хүргэх л чухал байна. Бид нийгэмд тогтсон аливаа хэвшмэл зүйлийг хэвшмэл ойлголт мэтээр хандсаар байвал бидний ирээдүй хойч үеийн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн талаарх нийгмийн ойлголт энэ цаг үетэй нэгэн адил хязгаарлагдмал байх болно.

Иймд нийгмийн оюуны талхыг бэлтгэн нийлүүлэгчид бид хүйс давамгайлсан, хэвшмэл ойлголтоосоо салж, жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулья. Ингэхдээ хэн нэгэн бие хүн, бүлэг хүмүүсээс бус өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй болов уу

Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлж, олон нийтийн дундах жендерийн тэгш байдлын талаарх  хэвшмэл хандлага, дүр төсөөллийг өөрчлөхийн тулд сэтгүүлчдийг энэ чиглэлээр чадавхижуулах, хэвлэл мэдээллийн редакцуудыг бодлогоор дэмжих шаардлагатай байна.

Н.Ахмарал 

 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19