“Нэг бүс, нэг зам” олон улсын арга хэмжээнд нийслэлийн сурагчид оролцов

М.Саран

2018-05-29 13:07:16

alternative title

“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд “Гар гараасаа атгая” сэдэвт олон улсын арга хэмжээ энэ сарын 13-25-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдлаа. Бээжин, Сиан, Ханжоу, Сүжоу, Фүжоу, Жухай, Гуанжоу хотуудад явагдсан уг арга хэмжээнд Хятад, Монгол, Камбож, Вьетнам, Лаос, Мьянмар, Тайланд зэрэг 7 улсын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид оролцов. “Нэг бүс, нэг зам” буюу Шинэ торгоны зам санаачилгыг БНХАУ-ын дарга Си Жиньпин 2013 онд дэвшүүлсэн билээ. Санаачилгын гол зорилго нь одоогоос 2000 гаруй жилийн тэртээ Ази болон Европ тивийг холбож байсан худалдааны замын маршрутаар Евро-Азийг холбосон эдийн засаг, санхүүгийн бүс байгуулах төсөл юм.

БНХАУ-ын “Буяны нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Б.Ирмүүн-Оргил, Ч.Хулан, Г.Энхмаа, Б.Төр-Эрдэнэ нар оролцсон юм. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн нийслэлийн 114 дүгээр сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Б.Ирмүүн-Оргилын зурсан зураг энэ удаад ч шилдгээр шалгарсан.

Уг арга хэмжээнд оролцсон хүүхэд багачууд БНХАУ-ын “Цагаан хэрэм”, “Хааны ордон” музей, “Тянь Ань Мин”-ий талбай, дэлхийн 8 гайхамшгийн нэг болох  “Терракотта” цэргийн музей, “Баруун нуур”, Хонконг-Жухай-Макаог холбосон далай дээрх гүүр зэрэг олон түүхт дурсгалт газруудад зочилж, Хятадын эдийн засгийн хөгжил, өндөр технологийн хурдацтай танилцав. Дашрамд дурдахад, Хонконг-Жухай-Макаог холбосон гүүр нь нийт 55 км-ын урттай бөгөөд инженерийн гайхамшиг, технологийн дэвшлийг харуулсан дэлхийн хамгийн том гүүр бөгөөд 72 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар бүтсэн байна.

БНХАУ-ын дунд сургуулиудаар зочилсон төлөөлөгч хүүхдүүд маань үе тэнгийн найз нартайгаа хамтран зураг зурж, гар урлалын бүтээл хийж, урлагийн тоглолт үзүүлж, найрамдлын мод тарьж, өөр өөрсдийн түүх соёл, ёс заншлаас харилцан суралцаж явлаа. Түүнчлэн “Миний эх орон, миний мөрөөдөл” сэдэвт олон улсын форумд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг урилгаар оролцож, нийслэлийн “Дойче шүле” сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Ч.Хулан илтгэл тавьж, эх орныхоо талаар танилцуулга хийж, өөрийн хүсэл мөрөөдлөө хүүхдүүдтэй хуваалцсан.

“Нэг бүс, нэг зам” олон улсын арга хэмжээ цаашид бүс нутгийн хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлж, сэдэв агуулга ч өргөжих юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19