Шварцманы магистрын хөтөлбөрт Монгол оюутан тэнцжээ

Н.Марал

2018-06-19 13:45:17

alternative title

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцэн суралцаж байгаа оюутнуудыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав.

Бээжингийн Цинхуа Их сургуулийн Шварцманы магистрын хөтөлбөр нь дэлхийн хамгийн өндөр шалгууртай хөтөлбөрт тооцогддог. Энэ удаагийн хөтөлбөрт нь Харвард, Оксфорд, Йел, Колумбын зэрэг их сургуулийг төгссөн найман орны 24 оюутан тэнцэн суралцаж байгаа дотор МУИС-ийг төгссөн Монгол оюутан мөн багтжээ.

Уулзалтын эхэнд оюутнууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан цаг гарган хүлээн авч уулзсанд нь талархаад, хөтөлбөрийн хүрээнд Азийн орнуудаар аялж, тухайн орны бизнес, Засгийн газар болон хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж туршлага судалж байгаа талаараа танилцуулсан юм.

Мөн тэд Монголд ирэхийн өмнө ОУВС-гийн захирал Кристин Лагард, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Яньдун, Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн зэрэг албан тушаалтнуудтай уулзаад ирсэн талаараа танилцуулав.

Мөн Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцэн суралцаж байгаа оюутнууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн бодлогын талаар түлхүү сонирхон асууж, дэлгэрэнгүй хариулт авсан юм. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэнд амжилт хүсч, суралцаж буй салбартаа манлайлахыг хүсэн ерөөв.

 

Эх сурвалж: president.mn

  • Хуваалцах:

Сэтгэгдэл