Хотын даргын захирамжаар 79 дүгээр сургуульд ажлын хэсэг томилогдон ажиллаж байна

Тэргэл

2018-06-20 16:11:29

alternative title

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд энэ сарын 18-ны өдөр 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шуурхай ажлын хэсэг байгуулан, хэргийн учрыг олж яаралтай холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газраас мэргэжлийн хүмүүс газар дээр нь энэ сарын 19, 20-ны өдрүүдэд ажиллаж байна. Ажлын хэсэг маргааш дүгнэлтээ танилцуулах аж.

79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг 2012 онд Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Баянзүрх тохижилт" ХХК хийж гүйцэтгээд, тухайн оны арваннэгдүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Үүнээс хойш сургуулийн өмчид бүртгүүлжээ.

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл "Холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг хоёр дахь өдрөө ажиллаж байна. Бид нөхцөл байдлын талаар тал бүрээс нь дүгнэлт хийх зорилготой ажиллаж байна. Бага, дунд боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх, үүргийг зааж өгсөн байдаг. Сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авах зэрэг үүрэг хүлээхээр зааж өгсөн. Ажлын хэсгийн дүгнэлтээр бүх зүйл тодорхой болно" хэмээлээ.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс холбогдох хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Ажлын хэсгийнхэн талгийгаачийн ар гэрийнхэнтэй нь уулзаж эмгэнэл илэрхийлж, хүлцэл өчсөн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл