МЭДЭЭ НЭМЭХ  

Ер бусын гүүрнүүд

  • 4,387 уншсан
  • 4
  • 2014/02/11

1. Тэнгэр баганадсан гүүр

343 метрийн өндөртэй, 2460 метр үргэлжлэх Виадук Мийо хэмээх энэ гүүр нь Францын өмнөд хэсэгт Мийо хотоос холгүй орших Тарн голын хөндийд тавигджээ. Виадук Мийо бол Европын хамгийн өндөр барилга болох Меркурий Сити Тауэр (Москва)-ээс 3 метрээр илүү , Эрх чөлөөний хөшөөнөөс бараг 3,7 дахин өндөр аварга байгууламж юм.

Британий уран барилгач Норман Фостерийн энэ бүтээл нь 400 орчим сая еврогийн өртгөөр босч, 2004-12-14-нд ашиглалтанд оржээ. Энэ гүүрээр дугуйтай хүн гарахад 4,4 евро, суудлын машин 8,9 евро, ачааны машин 32,40 евро тус тус төлдөг байна. Өндөр үнэтэй ч  Париж, Барселон хоёрыг холбосон хамгийн дөт зам учир хөл хөдөлгөөн ихтэй гэнэ.

2. Хуйлагддаг гүүр

Лондонд «Rolling Bridge» нэртэй хуйлан ороож болдог явган замын гүүр бий. Английн уран барималч Томас Хизервик жирийн төөлүүр хорхойноос санаа авч энэ гүүрийг бүтээсэн гэдэг.

Баасан гараг бүрийн үд дунд 12 метрийн энэ металл гүүр уян чанараа гайхуулан дэлгэгдэж эсрэг талын эрэгт зөөлөн газарддаг аж. Тэрээр уян хөдөлгөөнийхөө ачаар усан дахь тээврийн бусад хэрэгсэлд огтхон ч саад болдоггүй байна.

3. Долгион гүүр

Сингапурын Маунт-Фабер ба Телок-Бланга-Хилл паркуудыг холбосон «Henderson Waves» нэрт гүүр нь 274 метр урттай долгион хэлбэрт байгууламж юм. Газраас дээш 36 метрийн өндөрт мушгирсан энэ гүүр Сингапурын хамгийн өндөр явган замд тооцогдоно.

Тохойрон эргэх үеүдэд борооноос хоргодож болох саравч, эсвэл олон тооны мухлагууд байрласан байдаг. “ Долгион “-ны дотор талыг Зүүн-Өмнөд Азид ургадаг балау хэмээх шар модоор чимэглэжээ. Харин  гадна тал нь нимгэн төмөр хийц бөгөөд энд олон тооны гэрэлтүүлэг байна. RSP барилгын компани, UP корпорацийн зохион бүтээгчид, инженерүүдийн энэхүү бүтээл нь 2009 онд “ Оны шилдэг дизайн “ шагнал хүртжээ.

4. Үндсэн гүүр

Энэтхэгийн Мегхалай мужийн ширэнгэн ойд экологийн хувьд  хамгийн цэвэр гэж хэлж болохоор нэгэн гүүр бий. «Living Root» гэгч энэ гүүр нь каучукийн цэцэгний үндсээр хийсэн дүүжин гүүр юм.

Нутгийн омгийнхны баталж буйгаар 16 метрийн урттай энэ гүүр 100-150 жилийн настай гэнэ. Ингэж байгалийн нөөцийг ашиглан гүүр барих технологийг эндэхийн уугуул иргэд хэдэн зууны өмнөөс эзэмшсэн ажээ. Гэхдээ энэ ер бусын гүүрийг барихад нилээдгүй хугацаа хэрэгтэй болдог байна. Тодруулбал, 10-15 жил гүүрийг ургуулдаг аж. Энэ хугацаанд модны үндсийг бие бие рүү нь чиглүүлж, хооронд нь сүлжиж өгдөг гэнэ. Ийм их ажил удаж боссон гүүр нь нэгэн зэрэг 50 хүнийг даах чадалтай бөгөөд энэ нутагт байнга болдог үерийн усыг ч тэсвэрлэх чанартай ажээ.

5. Мэдрэмтгий гүүр

Зохион бүтээгч Марк Никсон гүүрний доод талд  тус бүр нь 120-3750 мм-ийн урттай, хөнгөн цагаанаар хийж, алтан өнгөөр бүрсэн 600 ширхэг гуурсан хоолой бэхэлсэн байна.

Гүүрээр хүн явахад эсвэл салхи үлээхэд гуурсан хоолойнууд хоорондоо харшилдан хөгжим дуугардаг байна. Гэхдээ зарим тохиолдолд гэнэт дуугарсан хөгжим хүмүүсийг айлгаж болзошгүй. “ Чимекко “ гэдэг энэ кинетик бүтээл нь 2011 онд Данийн Орхус хотод жил бүр болдог үзэсгэлэн дээр тавигджээ. Марк Никсоны энэ бүтээл хүмүүст маш их таалагдсан тул тэрээр хөгжимт гүүрнийхээ томсгосон загварыг босгохоор төлөвлөж байгаа гэнэ.

6. Эргүүлэгтэй гүүр

McDowell+Benedetti Architects барилгын студийн бүтээл болох «Scale Lane Bridge» нэртэй ган хийцийн гүүр нь том хөлөг онгоцыг нэвтрүүлэх үедээ явган зорчигчдын хөдөлгөөнд саад болохгүйгээр байрлалаа өөрчлөхөөр бүтээгдсэн байна.

Их Британий Кингстон-апон-Халл хотод байдаг 57 метрийн урттай энэ гүүр хэлбэрээрээ асар том таслалыг санагдуулдаг гэнэ. “ Таслал “-ын сүүл нөгөө эрэгт байрлах үед зорчигчид гарч болно. Голоор усан онгоц явах үед “ Таслал “  маань эргэх механизмынхаа ачаар голын аль нэг эрэгт “наалдаж “ усан замыг бүхлээр нь чөлөөлж өгдөг байна. Энэ үед дуут дохио буюу анивчих гэрлүүд мэдээ өгнө. Хүссэн хүн гүүрэн дээрээсээ энэ процессийг харж болох ба энд хөдөлгөөний үед 1000 хүн байрлах боломжтой.

7. Амьтанд зориулсан гүүр

Канадын Банф Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр бум бужигнаж, түм түжигнэсэн Трансканадын засмал зам дайран өнгөрдөг. Энэ нь хүрээлэнгийн амьтдын тав тухыг ихэд алдагдуулж, хөдөлгөөнийх нь хэмнэлд саад болдог байсан учир газар дээрх гарцуудыг барихаар болсон байна. Эдгээр нь амьтдын бэлчээрлэдэг хэвийн орчинтой яг адил байлаа.

Ингэснээр зэрлэг амьтад аюулгүйгээр зам гарах болж, ослын тоо олон дахин багассан гэнэ. Амьтдад зориулсан ийм байгууламж АНУ, Нидерланд, Финлянд, Эстонид бас байдаг юм байна.

8. Сувган гүүр

Германд, Магдебургийн төвөөс хойш 10 км-ийн зайд 918 метр урттай сувган гүүр бий. Европын хамгийн том энэ усан гүүрийг “ Магдебургийн усан уулзвар “ гэж нэрлэдэг. Энэ нь Эльба-Хафелийн сувгийг Дундад Германы сувагтай холбож, Берлинээс Рейн хүрэх хамгийн дөт зам болдог байна.

Энэ гүүрийн харагдах байдал үнэхээр гайхалтай. Эльба мөрөнтэй огтлолцох хэсгээрээ гүүр 90 метр орчим өргөгдөөд, цааш хэвийн үргэлжилнэ. Гүүрээр зөвхөн усан онгоц төдийгүй явган зорчигчид ч гарч болно: сувгийн 2 талаар явган зам тавигдсан байдаг. 6 жилийн турш баригдаж, 2003 онд ашиглалтанд орсон энэ гүүрийн ачаар Эльба голыг гатлах усан онгоц 12 км замыг товчлох болсон гэнэ. 

9. Гатлаган гүүр

Испанчууд үүнийг “ Дүүжин гүүр “ гэж нэрлэдэг боловч үнэн хэрэгтээ энэ нь дүүжин гүүр огт биш. Нервьон мөрний дээр, 61 метрийн өндөртэй 2 баганын хооронд тавигдсан Бискайн гүүр нь Португалете хотыг Лас-Аренас хоттой холбож байдаг.

Гүүрээр гарахын тулд лифтэнд сууж 50 метрийн өндөрт гарна. Дор нь хөл үймээнт Бильбаогийн усан буудал байгаа. Явган зорчигчид төдийгүй автомашинаар аялагчид ч гүүрээр явж болно. Үүний тулд тусгай хөдөлгөөнт тавцан байдаг бөгөөд нэгэн зэрэг 6 машиныг нөгөө талд гаргана. Гатлаган гүүрийн зохион бүтээгч нь Густав Эйфелийн шавь, уран барилгач Альберто де Паласио юм. 2006 онд энэ зөөгч-гүүр нь ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгджээ.

10. Эцэс төгсгөлгүй урт гүүр

“Ханчжоу Бэй” бол дэлхийн хамгийн урт бөгөөд далай дээрх хамгийн том автозамын гүүр юм. Түүний урт нь 35 км гаруй байна.

Энэ урт замд зорчигчдыг залхаахгүйн тулд шатахуун түгээгүүр, зуушны газар, зочид буудал зэргийг байрлуулсан арал-тавцангууд замын турш тааралдана. Чиглэл тус бүрдээ 3 эгнээ, нийт 6 урсгалтай замаар нь 100 км/цаг хурдтай давхиж болно. Гүүрийг барихад 4 жил, 1,4 тэрбум доллар зарцуулагджээ. Гүүр баригдахаас өмнө хүмүүс Шанхайгаас аж үйлдвэрлэлийн Нинбо хот орохын тулд Ханчжоуванийн тохойг бүтэн тойрч явдаг байжээ. Энэ лут байгууламж ашиглалтанд орсноор  320 гаруй км замыг товчлох болсон байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ер бусын гүүрнүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2014/07/29
    so interesting

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/25
    bid ch gesen hiih ymsan

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/17
    Sonirholtoi yum aa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/13
    Манайхан нэг зам уулзвар засах гэж хннн гэтэл энд яаж хйиж байна аа

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох