АТГ: У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатар нь бусдаас 600 сая төгрөг авсан гэдэг нь худлаа

Ц.Сонор

2018-07-25 13:46:00

alternative title

Авлигатай тэмцэх газарынхан дөнгөж сая ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд мөрдөн шалгасан хэргийн талаар товч мэдээлэл өгсөн юм. Энэ үеэрээ тэд өчигдөр цацагдаж, олны анхаарлыг татаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан МИАТ ХК-ийн дэд захирал Н.Энхбаатар 600 сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдлаа гэдэг нь худлаа мэдээлэл гэдгийг онцоллоо. Түүнчлэн том хэргүүд, 60 тэрбумын хэрэг замхарч байгааг бид хүлээн зөвшөөрнө гэж АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогт хэлэв. Ингээд сэтгүүлчдийн асуусан асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэе. 

- Оюутолгойн хэргийн хяналт шалгалтын явцыг танилцуулна уу?

- Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг мөрдөн шалгах ажиллагаа үргэжилж байна. Одоогоор тэднийг хязгаарлалт тогтоон шалгаж байгаа. Хязгаарлалтын хүрээнд тодорхой хүмүүс болон хилээр нэвтрэхийг хориглосон. 

Мөн яллагдагчийн хүсэлтийн дагуу С.Баярыг АТГ-ын дарга хүлээн авч уулзсан. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Яллагдагч нар АТГ-ын удирдлагатай уулзах эрхтэй. Үүнд тухайн хүний ямар ажил албан тушаал хашиж байсан нь хамаарахгүй. 

- Ерөнхий сайдын туслах байсан, одоо МИАТ компанийн дэд захирал Энхбаатарыг саатуулан шалгаж байгаа гэсэн. Ерөнхий сайд АТГ-ын даргатай уулзан ажлаа өгөхийг шаардсанаас болоод хамаарал бүхий этгээдийг нь шалгаж эхэллээ гэх мэдээлэл байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3-т зааснаар мэдээлэл өгөх эрхтэй. Мөн шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь хуулиар хориотой. Н.Энхбаатар гэдэг хүний өмнө нь ямар албан тушаал хашиж байсан, тэр асуудалтай нь холбогдуулан шалгаж байгаа асуудал огт байхгүй. АТГ-т шалгагдаж байгаа хэргүүд ямар нэгэн нам, улс төрийн захиалгаар, хэн нэгнийг хагаралдуулах гэсэн ямар нэгэн санаа зорилго байхгүй. Үндэслэл бүхий мэдээ мэдээллийн дагуу, прокурор болон шүүгчийн зөвшөөрөлтэйгээр бүх ажиллагаа явагддаг. Энэ асуудлын тухайд Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Түүнийг бусдаас 600 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү. Мөн цагдан хорьсон, хориогүй гэж яригдаад байна?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад байгаа шиг түүнийг бусдаас 600 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан асуудал байхгүй. Одоо мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байна. Өчигдөр хойшлуулашгүйгээр баривчлах ажиллагаа хийгдсэн, өнөөдөр үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх шийднэ.

-Тэгэхээр яг ямар асуудалд хамаатуулж түүнийг шалгаж эхэлсэн бэ?

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдлуулан шалгах тодорхой үндэслэл гарсан. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

- Олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийг шалгаж байна гэж байгаад хэрэгсэхгүй болгож байна. Үүний нэг жишээ нь 60 тэрбумын хэрэг. Энэ талаар тайлбар өгөөч?

- 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол явуулах хүртэл нөхцөл үүсээд явж байгаа. Би өмнө нь энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэд хэдэн удаа өгсөн. 

Прокурорын байгууллагаас энэ хэргийн талаар тодруулах нь илүү зөв байх. 

Мөн Эрдэнэтийн 49 хувийг ямар хөрөнгийн эх үүсвэрээр худалдан авсан тухай хэргийг Цагдаагийн байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа. 

Томоохон хэргүүд замхарч, шийдэгдэхгүй байна гэх шүүмжлэлийг бид хүлээн зөвшөөрнө. Хууль эрх зүйн орчин өөрчлөгдөөд 2017 оны долоодугаар сарын 1-нээс шинэ хуулийн зохицуулалтад орсон. Авлига албан тушаалын хэрэг алга урвуулахын хооронд хурдан шалгагдаад шийдэгддэггүй. 

- АТГ-ын шалгаж байгаа хэргүүд улс төрийн нөхцөл байдалтай уялдаад байдаг нь ямар учиртай юм бэ?

- Шалгагдаж байгаа хэргүүд улс төрийн өнгө аястай холбоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Нийгмээс бидэнд хүлээлт их байгааг мэдэж байгаа ч мөрдөн байцаагчдын орон тоо цөөн, нэг байцаагчид ногдох хэргийн тоо олон байгааг хэлмээр байна. Бид боломжоороо хэргүүдийг хурдан шалгахыг зорьж ажиллаж байгаа.

 - АТГ С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг хоёр сар орчим хорьсон. Энэ хугацаанд тус бүр хэдэн удаа байцаасан бэ?

- Хуулийн хүрээнд хорьж байцаасан. Хорих хугацаандаа хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээ, үйл ажиллагааг явуулсан. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. 

- Аймгууд нөөц хөрөнгөөрөө бөхчүүдийн цолны найрыг зохион байгуулсан гэх яриа ам дамжин явж байна. Энэ хэргийг АТГ-аас шалгасан уу. Бөхчүүдийн найраа гээд авлигын хэрэг бас яригддаг. Үүнийг шалгах боломжтой юу?

- Хуулинд авлигын субьект нь төрийн байгууллага, албан хаагчид гэж заасан байдаг. Тиймээс бөхчүүдийн асуудлыг шалгах боломжгүй.

-АТГ-аас хоёр ч Ерөнхий сайдыг цагдан хорьсон. Хэсэг хугацааны дараа сулласан, энэ хугацаанд хэдэн удаа байцаасан бэ?

-Тусгайлан шалгах ажиллагаа хийгдсэн. Прокурор үнэлэлт дүгнэлт өгөөд гадуур байцаахаар болсон. Хязгаарлалт тогтоож, хилээр гарахыг нь хориглоод байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг хязгаарлалт тогтоон мөрдөн шалгаж байгаа. Хэдэн удаа байцаасан эсэх талаар нарийн мэдээллийг өгөх боломжгүй.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл