УИХ-ын дарга М.Энхболд огцрох болзлоо өөрөө хангалаа

Ц.Сонор

2018-07-27 17:34:34

alternative title

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганаа зарлахгүй хууль зөрчин 60 тэрбумын нийтийн сонсголыг хойшлуулсаар байна. Яван явж энэ нь М.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулах хангалттай үндэслэл болно.

УИХ-ын дарга гэдэг бол хурал зохион байгуулагч спикер төдий албан тушаал. Гэтэл М.Энхболд том толгой гарган Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын 25 гишүүний гарын үсгийг "нулимж" хуралдуулах ёстой нийтийн сонсголыг гацаасаар хуулийн хугацааг нь өнгөрөөж хууль зөрчлөө.

Одоо энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөд унах нь ойлгомжтой асуудал. Ингээд нэгэн цагт Ц.Нямдорж үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр гэртээ хууль зассан нь тогтоогдож УИХ-ын даргын суудлаас огцорч байсантай яг ижил нөхцөл байдал өнөөдөр үүслээ.

Үүний өмнөхөн ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий сайд У.Хүрэлсүх нар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаа өг гэж шахжээ. Шалтгаан нь төрийн албыг зарж үрэх тухай төлөвлөж суусан алдарт 60 тэрбумын хэргийг АТГ хайцайлж ажлаа муу хийж байгаа явдал. Харин нөгөөх нь үгүй намайг УИХ томилдог гэж хэлчихээд гараад явсан гэх.

Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нийлээд ч АТГ-ын даргыг сольж дийлэхгүй байхыг бодоход авилгын том хэргүүдийн зангилаан дээр Х.Энхжаргал сууж байгаа нь тодорхой байна. Түүний цаана авилгын торонд наалдсан бүтэн арми амиа хоохойлон үхэн хатан хамгаалж буй нь хэнд ч ойлгомжтой боллоо.

Х.Энхжаргал мултарвал тор урагдаж, торонд наалдсан 60 тэрбумын бүлэглэл нэг нэгээрээ үсэрч эхлэнэ гэдгээс тэд үхтлээ айж байна. Гэхдээ тэд хууль зөрчин байн хурал хойшлуулаад ард түмний зэвүүцэл, дургүйцлийг улам л нэмэгдүүлнэ, хэзээ нэг өдөр үнэнд гүйцэгдэнэ гэдгийг дутуу тооцоолж байна. Яагаад гэвэл тэд жирийн ардын амьдрал, бодит хөрснөөс хол тасархай хүмүүс шүү дээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл