МЭДЭЭ НЭМЭХ  

Түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан тулалдаанууд

  • 13,877 уншсан
  • 20
  • 2014/02/17

Хамгийн их цус асгаруулсан тэнгисийн тулаан

Флагманы ” Галеас Сан-Лоренцо” хөлөг Лепантогийн дэргэд болсон тулалдаанд. Радо Яворын зураг

Лепантогийн дэргэд болсон тулалдаан бол 500 гаруй дарвуулт онгоц оролцсон 16-р зууны хамгийн том тэнгисийн тулаан юм. Зургийг Гринвичийн тэнгисийн музейд авчээ./ Лондон /

1571 онд Грекийн Пелопоннесийн арал орчмын Скроф хошууны дэргэд дайсагнагч 2 тал мөргөлджээ. Энэ нь Османы эзэнт гүрний арми болон католик шашинт улсуудын “Ариун холбоо” нэгдлийн дайчид байлаа. 10-р сарын 7-ны өглөө грекийн Лепанто / одоогийн Навпакт / хотоос 60 км-ийн зайд цуст тулаан эхэлсэн байна. 2 талаас 500 гаруй хөлөг онгоц оролцсон энэ тулаан 30 мянган хүний амийг авч одсоноос 20 мянга нь туркийн цэргүүд байв. Энэ тулалдаан Газар дундын тэнгис орчимд ноёрхлоо тогтоогоод удаж байсан  османуудын хувь заяаг  огцом эргүүлсэн гэдэг. Дийлдэшгүйд тооцогдож байсан туркийн армийг ялж болох нь ээ. Мөн “ Маркиза ” хөлөг дээр Испанийн салаа цэргийг удирдаж байсан 24 настай  Мигель де Сервантесийн амьдралд ч ихээхэн нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Тулалдааны үеэр ирээдүйн “ Дон Кихот ”-ын  зохиолч хоёр ч удаа шархадсанаас гадна гэртээ харих замдаа Алжирын далайн дээрэмчдэд олзлогдож 5 жил боолын хөдөлмөр эрхэлж байжээ. 


Хамгийн олон хүн үрэгдсэн шашны дайн

Хун Сюцюань бол өөрийгөө Иисус Христийн дүү гэж зарласан хятад угсааны хүн бөгөөд хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус асгаруулсан тулалдаануудын нэг- тайпинчуудын бослогыг дэгдээсэн хүн юм.

1850 онд хятадын Гуанси тосгоны 37 настай багш Хун Сюцюань дахиад л Эзэн хааны төрийн албаны шалгалтанд тэнцсэнгүй. Мань хүн энэ азгүй явдалдаа удаан хугацаагаар гутарч шаналжээ. Ингэж байхдаа христийн номлогчдын нэгэн гарын авлагатай тааралдаж уншсан байна. Энэ ном түүнд маш хүчтэй нөлөөлсөн бололтой, уншиж дуусангуутаа өөрийгөө Иисус Христийн дүү мөн гэж олонд зарлажээ. Тэрээр хятадын ард түмэнд өөрийгөө Хятадыг  “Чөтгөрийн үр сад “ буюу тэр үед хаанчилж байсан Цин удмын манж угсаатан, түүнийг тойрон хүрээлсэн феодалын системээс чөлөөлөхөөр илгээгдсэн бурхны элч хэмээн итгүүлж чадсан гэдэг. Ингэсээр түүнийг дагагчдын тоо 30 саяд хүрсэн бөгөөд  Тайпин тяньго буюу “ Тэнгэрт ивээгдсэн хятад улс “-ыг / хожим нь тайпинчуудын бослого гэж нэрлэгдсэн / байгуулахаар болж, эд хөрөнгөө хүртэл зарж хандивлаж байжээ.  1850-1868 оны хооронд хаант улс даяар асар хүчтэй бослого тэмцэл удаа дараа гарч тоо томшгүй олон хүний амь үрэгджээ. 20-100 сая хүн золиослогдсон гэж түүхчид үздэг. Тайпинчууд опиумын наймааг хориглосон нь европчуудад огт таалагдаагүй тул англичууд болон францчууд Циний армийг дэмжин тулалдсанаар тайпинчуудын бослогыг дарж чаджээ. Сюцюань өөрөө хор ууж амиа хорлосон гэдэг.


Хамгийн их цус асгаруулж боссон эзэнт гүрэн

Хоёрхон зууны дотор / 13-14-р зуунд / дэлхийн хүн ам 17%-иар хорогдсон гэдэг. Үүний шалтгаан нь 1206 оноос эхлэн Төв ба Өрнөд Азийг байлдан дагуулсаар Евразийн эх газарт хүрч, очсон газар болгоноо ялагдал, сүйрэлд хүргэсэн Монголчуудын довтолгоо юм. Монголын эзэнт гүрэн нь Дунай мөрнөөс Япон тэнгис хүртэл /  одоогийн Ойрхи Дорнодын орнууд,  Хятад, Төв Ази, Өмнөд Сибирь, Зүүн Европын нутаг дэвсгэр / өргөн уудам газар нутгийг хамарч байлаа. Байлдан дагуулагчид тэр цагт үзэгдээгүй харгис догшноор өмнөө тааралдсан бүхнийг газрыг хөрснөөс арчиж байв. Чингис хаан болон түүний үр садын довтолгоо шиг их гамшигтай Европ урьд нь хэзээ ч тулгарч үзээгүй байсан гэдэг. Татар монголчуудын дайралтанд 30-70 сая хүн үрэгдсэн гэсэн тооцоо гарчээ. Монголчуудын байлдан дагуулалт бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан дайн гэдэгт түүхчид санал нэгддэг. Амь үрэгдэгсдийн тоогоороо  Дэлхийн 2-р дайны дараа л ордог байна. Цуст тулалдаанаас гадна монголчууд Европт тахал авчирсан гэж үздэг. 1347 онд Крымын Каффа / одоогийн Федосия / хотыг бүсэлсэн монголчууд хотын хэрмийг давуулан тахлаар өвчилсөн хүмүүсийг шидэж байсан гэнэ. Каффагаас Итали руу зугтсан далайчид энэ өвчнийг тээн авчирчээ. Тахлын улмаас Европын хүн амын 30-60% нь үхэж үрэгдсэн байна. Үүнийг түүхэнд бактерлогийн зэвсэг хэрэглэсэн анхны тохиолдол гэж хэлж болох юм.


Хамгийн их цус асгаруулсан нэг удаагийн тулалдаан

Хамгийн их цус асгаруулсан нэг өдрийн тулалдаан Бородинод болжээ. Түүний явцад цаг тутам багаар бодоход л 6 мянган хүн амиа алдах буюу шархдаж байсан гэнэ. Энэ тулалдаанд Оросын арми бие бүрэлдэхүүнийхээ 30%, Францын арми-25%  тус тус алджээ. Хоёр талаас нийт 60 мянган хүн үхсэн байна. Сүүлд шархаа даалгүй нас нөхцсөн хүмүүсийг оруулан бодоход 100 гаруй мянган хүний амь насыг авч одсон аймшигт тулалдаан болсон юм.
20-р зуунд ч дээрхээс дутуугүй цус асгаруулсан нэг өдрийн тулаан болж байсан түүхтэй. Дэлхийн 1-р дайны үед 1916-07-01-нд Сомма гол дээрх тулалдаанд зөвхөн англичууд гэхэд л 21 мянган цэргээ алдаж, 35 мянган шархдагсадтай үлдэж байжээ.
Заавал цэрэг, тулалдаан гэхгүйгээр энгийн ардыг ч үй олноор хөнөөж байсан түүхийг эргэн санавал, Хиросимо, Нагасаки хотууд дээр хаясан атомын бөмбөгний улмаас 150-240 мянган жирийн иргэд амь насаа алдсан билээ.


Хамгийн их цус асгаруулсан ч, «Статус-кво» буюу дипломат харилцааг эвдээгүй дайн

Иран-Иракийн дайны үед химийн зэвсэг хэрэглэжээ. 8 жилийн дотор 900 мянган хүн үхсэн нь Дэлхийн 2-р дайнаас хойшхи  хамгийн хөнөөлт дайн гэж нэрлэгдэхэд хүргэсэн юм. Гэвч энэ дайнд аль ч тал ялаагүй билээ. 

Иран-Иракийн дайн бол 20-р зуунд хамгийн удаан хугацаагаар үргэлжилсэн дайн юм./  1980-09-22-ноос 1988-08-20 хүртэл 8 жил /

Энэ хугацаанд хоёр талаас 900 мянган хүн үрэгдсэн ч, 2 орны хилийн зурваст ямар ч өөрчлөлт ороогүй, аль нь ч нөгөөдөө нөхөн төлбөр өгөөгүй ийм л үр дүнгүй дайн болсон байна. Харин хэд хэдэн хачирхалтай баримт бий:

Ирак улс Ираны эсрэг болон өөрийн курд үндэстний эсрэг бөөнөөр устгах химийн зэвсэг хэрэглэсэн. / 20-р зууны 2-р хагаст шүү! /

Дайны төгсгөл хүртэл 2 тал дипломат харилцаагаа таслаагүй, тус тусын Элчин сайдын яамдаа ч татан буулгаагүй.
Мөн бие биенийхээ эсрэг балластик пуужин - уламжлалт тэсрэх бөмбөг бүхий цэнэгт хошуу ашигласан.
Түүхэнд анх удаа нисдэг тэргээр “ дуэль - халз тулаан “ хийж, нисгэгчгүй аппарат хөөргөсөн.


Сүүлийн хагас зуун жилд болсон хамгийн их цус асгаруулсан дайн

Орчин үеийн Африк тивийн түүхэнд болсон хамгийн их цус асгаруулсан дайн 1998-2003 онд бараг 5 жил үргэлжилжээ. Гэхдээ 2008 оныг хүртэл байдал бүрэн намжаагүй л байв. Энэ хугацаанд 2,5-5,4 сая хүн өлсгөлөн, өвчин, цуст мөргөлдөөний уршгаар хорвоог орхижээ. Африк тивийг хамарсан энэ дайнд 9 улс, 20 гаруй зэвсэгт бүлэглэл оролцсон байна. Руанда дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлаас эхтэй тутси, хуту омгийнхны зөрчилдөөн, Конго улсын байгалийн баялагт ноёрхлоо тогтоох гэсэн хөрш улсуудын санаархал энэ дайны гол шалтгаан болжээ. Африкийн их дайн нь Дэлхийн 2-р дайнаас хойш хамгийн олон хүний амь насыг сүйтгэсэн үйл явдал болж байгаа аж.


Хамгийн их цус асгаруулсан дээрэм

Аббасидын нийслэл Багдад хотыг монгол цэргүүд бүрмөсөн сүйтгэсэн юм. Тэд замдаа таарсан бүхнийг хайр найргүй устгаж, орд харш, сүм хийдийг шатааж, 100 мянгаас 1 сая хүртэл тооны оршин суугчдын амийг бүрэлгэсэн байна. Монголчуудын энэ дайралтын дараагаар Багдад хот хэдэн зуун жил нуранги балгас болон хэвтжээ. 

1258 онд Монголын Чингис хааны ач, Хүлэг хааны цэргүүд тэр үеийн Арабын хаант улс Аббасидын нийслэл байсан Багдад хотод тулж иржээ. Хүлэгийн туган дор ердөө л 15 мянган дайчин байлаа. Гэсэн ч 14 хоногийн бүслэлтийн дараа хот бууж өгчээ. Хотыг тонох үеэр алуулсан хүмүүсийн тоог орчин үеийн түүхчид 100 мянгаас -1 сая гэж гаргажээ. Харин арабын эх сурвалжуудад 2 сая гэж бичигдсэн байдаг юм. Монголчууд хотыг дээрэмдээд зогссонгүй, хэдэн мянган жилийн туршид барьж байгуулсан сувгийн системийг сүйтгэж , Месопотамийн усан байгууламжид үлэмж хор хөнөөл учруулсан байна. Багдад хотын энэхүү уналт “ эртний их гүрнүүдийн халаа ” гэгдэн, дэлхийн  соёл, шинжлэх ухааны төв болж байсан арабын ертөнц байр сууриа алдаж эхлэх нэг шалтгаан нь  болсон юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан тулалдаанууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Холбоотой нийтлэлүүд


Санал болгох