Далай дээр баригдсан дэлхийн хамгийн урт "ГҮҮР" ашиглалтад оржээ

М.Саран

2018-10-24 11:29:00

alternative title

Далай дээр баригдсан дэлхийн хамгийн урт гүүр ашиглалтад орлоо. Ингэснээр эх газрын Хятад улс Макао болон Хонконгтой холбогдлоо. “Хонконг – Жухай – Макао” хэмээх 55 км урт гүүр ашиглалтад орсноор өмнө гурван цаг явдаг байсан газрыг одоо хагас цагт туулах боломжтой. Мөн Хятадын 11 хотын 70 орчим сая иргэнд энэхүү гүүр эдийн засгийн хувьд ашиг тусаа өгнө гэж шинжээчид харж байна.

Дэлхий дээрх хамгийн урт далай дээр баригдсан гүүрийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр албан ёсоор нээлээ. Мөн Хонконг болон Макаогийн захирагчид оролцлоо.

55 км урттай гүүрийг барихад урд хөрш 20 тэрбум ам.долларын хөрөнгө, 8 жилийн хугацаа зарцуулсан. Хил гаалийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарснаар хугацаа нь сунажээ.

“Хонконг – Жухай – Макао” чиглэлийн гүүр нийт 55 км урттай бөгөөд хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. Хятадын өмнөд хэсэгт байрлах “Их булан” зам тээврийн дэд бүтцийн бүс нутгийн гол хэсэг нь энэхүү далайн дээрх гүүр болж байгаа. Энэ бүс нутагт 68 сая иргэн оршин суудаг. 1.4 тэрбум хүн амтай урд хөршийн хүн амын 5% энэ гүүр ашиглалтад орсноор тодорхой хэмжээний ашиг тус хүртэнэ гэсэн тооцоолол хийжээ.

Эхний ээлжинд Жухай болон Хонконг, эсхүл Макао хооронд өмнө 3 цаг зорчдог байсан бол, одоо хагас цаг л зарцуулна. Өөрөөр хэлбэл “Ү” үсэг хэлбэртэй баригдсан гүүр зорчих хугацааг 6 дахин хэмнэнэ гэж төслийг дэмжигчид олзуурхаж байна.

             Шинэ гүүр баруун гарын замын хөдөлгөөний дүрэмтэй

 Шинэ гүүр бас нэгэн онцлогтойг онцолж байна. Тус гүүр Британийн колоничлолд байсан Макао болон Хонконгийг холбосон. Макао болон Хонконг нь зүүн гарын замын хөдөлгөөний дүрэмтэй. Харин тус гүүрэн дээгүүр эх газрын Хятадын адил баруун гарын замын хөдөлгөөний дүрмээр зорчих юм байна.

 “Хонконг – Жухай – Макао” чиглэлийн гүүр өмнө нь хэлсэнчлэн 55 км урттай, үүнээс 38 км нь гүүр юм. Гүүрний үндсэн хэсэг 29.6 км, 6.7 км усан доогуурх хонгил, 22.9 км үндсэн гүүр болон 280-460 метр урттай кабелэн гүүрнээс тус тус бүрдэнэ. Усан доогуурх хонгилын хэсгийг барихад 10 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тус хонгил нь Макао болон БНХАУ-ын хил гаалийн алба байрлах хиймэл арлаас эхлэх юм байна.

Хонконг болон Макаогийн засаг захиргааны тусгай бүс нутгийн иргэд өөрсдийн хувийн автомашинаар энэ гүүрээр бүрэн зорчих боломжгүй юм байна. Хонконгийн иргэдийн хувьд тусгай автомашин хөлслөх, эсхүл чиглэлийн автобусаар үйлчлүүлэх боломжтой гэнэ.

Тиймээс ч Хонконгчууд тус гүүрийн төслийг ихэд шүүмжилж байна. Жухай руу ч тэр, Макао руу ч тэр хүрэх шаардлагагүй. Гүүр ашиглалтад орсноор Хонконг жуулчдын хөлд дарагдана гэж нутгийн иргэд ч болгоомжилж байна. Цаашлаад энэ гүүр нь БНХАУ-ын эрх баригчдын Хонконгийг Бээжинтэй улам “ойртуулах” бодлого ч гэж харж байгаа юм.

Мөн байгаль хамгаалагчид ч тус гүүрийн барилгын ажлыг эсэргүүцэж байсан. Юуны түрүүнд Хонконгийн бэлгэдэл болсон цагаан далайн гахайны тоо толгой цөөрөх аюултай гэж үзжээ. Хонконгийн Засгийн газраас өгсөн мэдээгээр 2007-2018 оны хугацаанд Хонконгийн далайн бүсэд 50 тоо толгой цагаан далайн гахай бүртгэгдсэн байна.

            Гүүрийн автомашины хөдөлгөөнийг 2017 оны 11-р сард нээжээ

 Тус гүүрний автомашины хөдөлгөөнийг өнгөрсөн оны 11-р сард нээсэн. Харин дэлхий дээрх хамгийн урт далайн доогуурх хонгилон автозамын барилгын ажил сунжирч, ашиглалтад өгөх хугацаа хойшилжээ. Мөн барилгын ажлын үеэр золгүй явдал олонтаа гарч, олон хүн нас баржээ.

Гүүрийн барилгын ажил 2009 оны 12-р сард эхэлсэн. 8 жилийн хугацаанд төслийг гүйцэтгэсэн. Хонгилын хэсгийг 2016 онд ашиглалтад оруулах хуваарьтай байсан ч, урьдчилан тогтоосон төсвөөс барилгын ажлын зардал хэтэрч, осол гарч 9 хүн нас барж, 200 гаруй хүн бэртсэн зэргээс үүдэн барилгын ажил нэг жилээр хойшилжээ. Зөвхөн төсвийн хүрэлцээгүй байдал ч төдийгүй авлига, хээл хахууль, байгалийн нөхцөл байдал зэрэг ч төслийн хэрэгжилтийг хойшлоход нөлөө үзүүлсэн байна.

Гүүрний барилгын зардлын 42%-ийг Хонконг болон Макао, мөн Жухай хот байрлах Гуандун мужийн эрх баригчид санхүүжүүлсэн байна. Харин 58%-ийн хөрөнгийг Хятадын дөрвөн том арилжааны банкны нэг Bank of China-гийн зээлээр санхүүжүүлжээ.

Гүүр бүрэн ашиглалтад орсноор Хятадын Гуандун муж, мөн хөрш зэргэлдээх бүс нутаг хөгжих төдийгүй Хонконгт ч эх газартай харилцаа хамтын ажиллагааг тэлэх боломж нээгдэнэ гэж Бээжин харж байна.

Урьдчилсан тооцоогоор 2030 он гэхэд тус гүүрээр хоногтоо 29,000 тээврийн хэрэгсэл, 120,000 мянган хүн зорчино гэсэн урьдчилан тооцоо гаргажээ. 24 цагийн турш зорчигч тээврийн автобус иргэдэд үйлчлэх юм байна.

 “Оргил” цагаар таван минутын зайтай автобус эдгээр гурван хот хооронд зорчих бол, энгийн үед 10-15 минутын зайтай, шөнийн цагаар 15-30 минутын давтамжтай зорчигч тээврийн автобус иргэдэд үйлчлэх гэнэ. Мөн Хонконг болон Макаогийн автобус тээврийн компаниуд хотынхоо хэд хэдэн цэгээс тус гүүрний буудал хүртэл зорчигч тээвэрлэх үйлчилгээ ч нэвтрүүлэх юм байна.

            Гүүр 8 магнитудын газар хөдлөлтөд тэсвэртэй

Гүүрийн аюулгүй байдлыг урд хөршийн эрх баригчид сайтар тооцоолсон гэж байна. 120 жилийн баталгааг далай дээрх гүүрэнд өгч байна. Мөн 300 км/цаг хүртэл хүчтэй салхи шуурга, 8 магнитуд хүртэлх хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэйг онцоллоо.

Гүүр баригдсан далайн бүс нутагт хөлөг онгоц ихээр зорчдог. Тиймээс гүүр доогуур хөлөг онгоц саадгүй нэвтрэх байдлыг ч зураг төслийг нь гаргахдаа тооцоолжээ. Гүүрийн суурь хоорондын зай болон өндөр нь хөлөг онгоц зорчиход ямар нэгэн саадгүй, аюулгүй байхаар хийгдсэн байна. Мөн Хонконг болон Макаогийн олон улсын нисэх буудлуудын үйл ажиллагаанд саад хийхгүй, нислэгийн аюулгүй байдалд саадгүй гэлээ.

Хонконг болон эх газрын Гуандун мужийг гүүрээр холбох санааг 1980-аад оны сүүлчээр дэвшүүлж байжээ. Гэвч хорин жилийн туршид энэ нь боломжит төслийн хэлбэртэй байсан бол 2003 онд БНХАУ-ын Засгийн газар холбогдох гүүрийн тооцоолол гаргаж, төсөл боловсруулахыг үүрэг болгосон байна. Гүүрийн зураг төслийг гүйцэтгэхэд Хятадын олон зуун шинжлэх ухааны судалгааны байгууллагуудыг татан оролцуулжээ. Тус гүүрийг барихтай холбоотой бүртгэгдсэн патент, зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийн тоо нэг мянга давсан байна.

Хонконг, Макаогийн хувьд БНХАУ-ын засаг захиргааны тусгай нэгжид тооцогддог. “Нэг улс – хоёр тогтолцоо” зарчмын дагуу 1997 болон 1999 онд БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсон. Эдгээр хоёр нэгж нь өөрсдийн бие даасан эдийн засаг, улс төрийн тогтолцоотой.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19