Залуу зохион бүтээгч нэг цэнэглэлтээр долоо хоног ажиллах эко зуух бүтээжээ

М.Саран

2018-10-29 15:28:12

alternative title

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Х.Аманбол байгаль орчинд ээлтэй эко зуух бүтээжээ. Залуу зохион бүтээгч Х.Аманбол нь цахилгаанчин  мэргэжилтэй бөгөөд зуухны үйл ажиллагааг зохицуулах автомат удирдлагын систем зохион бүтээсэн аж. Мөн зуухны усан цамц зэрэг бусад эд ангиудыг ч гар аргаар гагнаж хийдэг байна.  Тухайн зуухыг бүтээхэд хоёр жил орчим хугацаа зарцуулсан аж.

Байгаль орчныг бохирдуулдаггүй, автомат ажиллагаатай уг зуух нь нунтаг нүүрс ашигладаг  бөгөөд нэг цэнэглээд хүний оролцоогүйгээр долоо хоног ажиллах юм байна. Түүнчлэн эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй, ердийн зуухнаас 50 хувь, цахилгаан халаалтаас 4-5 дахин, төвийн халаалтаас хоёр дахин бага зардал гарах ажээ.

 «Манай аймагт нунтаг нүүрсний үнэ хямд байдаг. Тийм учраас ард иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэглэхэд хялбар, хямд өртөгтэй зуух хийхээр шийдсэн. Ердийн зуухны нүүрсний шатаалтын ашигтай процесс 60 орчим хувь байдаг бол манай зуух 90 хувийн шаталт хийдэг" хэмээн тэрээр хэлж байна. 

Нэг зуухыг 15-20 хоногийн дотор хийж бэлэн болгодог ба орон нутагт эрэлт нэмэгдэж, хүмүүс урьдчилан захиалга өгдөг болсон ажээ. Тийм учраас захион бүтээгч бүтээгдэхүүндээ патент авч, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа ажээ.  

Сэтгүүлч: Ө.Нурболат

Эх сурвалж: Moнголын мэдээ

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19