Өнөөдрөөс гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг мөрдөж эхэлнэ

М.Саран

2018-11-01 15:17:55

alternative title

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос дараах шийдвэрийг гаргасан байна.

Үүнд:

1. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар хөнгөлөх;

2. Аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх;

Дээрх хөнгөлөлт нь хүйтний улиралд буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд гэр хорооллын хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлнэ.

Гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлөхдөө цахилгаан түгээх шугам сүлжээний техникийн боломжтой уялдуулан дараах зохицуулалтыг хийнэ. Үүнд

1. 220 В-ын буюу 1 фазын сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг хангах цахилгааны дээд чадал 2.5 кВт байгаа учраас гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх цахилгаан хэрэглээний дээд хязгаарыг нэг сард 700 кВт.ц-аар тооцох бөгөөд 700 кВт.ц-аас илүү гарсан орой, шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувиар хөнгөлөх;

2. 380 В-ын буюу 3 фазын сүлжээнд холбогдсон гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх цахилгааны дээд хязгаарыг нэг сард 1500 кВт.ц-аар тооцох. 1500 кВт.ц-аас илүү гарсан орой, шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэжээ.

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд орой, шөнийн тарифын хөнгөлөлтөд Нийслэл хотын 120 мянга орчим айл өрх, аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын 15 мянга орчим айл өрх, нийтдээ улсын хэмжээнд 135 мянга орчим айл өрх хамрагдах урьдчилсан тооцоо гарсан байна.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19