Н.Жанцанноровын “Ятгын концерт” бүтээлийг улсын сан хөмрөгт бүртгэж авлаа

М.Саран

2018-11-01 16:05:51

alternative title

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд улсын санд худалдан авах "Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүд"-ийг тодруулах үйл ажиллагааг Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран аравдугаар сарын 01-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын хүрээнд зохион байгуулсан уг шалгаруулалтад нийт 12 бүтээл ирсэн ба Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаалаар байгуулагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шинжлэн үзэж, улсын санд худалдан авах талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл”-ийн гишүүд нэг бүрчлэн үнэлгээ дүгнэлт өгснөөр дараах таван бүтээлийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэсэн байна. Үүнд,

  • Н.Жанцанноровын “Ятгын концерт №2”
  • Ш.Өлзийбаярын “Чингисийн хүүхдүүд киноны хөгжим”     
  • Ц.Эрдэнэбатын “Ятгын II концерт”
  • Б.Ганхуягийн “Байтаг богд” магтуу
  • Ж.Энхбаярын “Рапсодия" гэх бүтээлүүд багтаж байна.

Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг болон Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шинжлэн үзэж, улсын санд худалдан авах талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт болсон "Алтан намар 2018" хөгжмийн наадмын гала тоглолтын үеэр шилдэг бүтээл туурвисан хөгжмийн зохиолчдод батламжийг гардуулжээ. 

Соёл урлагийн газраас цаашид 2018 онд “Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл"-ийн шүүмж хэлэлцүүлэг зохион байгуулах, бүтээлүүдээр цомог /CD/ гаргаж олон нийтийн хүртээл болгох, бүтээлийг мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19