Таканойва А.Баасандорж дэвжээнийхээ бөхөд гар хүрчээ

Н.Марал

2018-12-06 10:00:17

alternative title

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулж гэмтсэн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан сүмоч Таканойва А.Баасандорж туслахынхаа биед халдсан талаар Японы сүмогийн холбоо өнөөдөр мэдээлжээ. Японы спортын салбарынхан хүчирхийллийг устгах тунхаг гаргаснаас хойш хоёр сарын дараа ийнхүү 28 настай сүмоч Таканойва өөрөөсөө бие бялдар, зэрэг цол бага бөхийн биед халдлаа хэмээн Японы хэвлэлд бичсэн байна. Сүмогийн холбооны олон нийттэй харилцах хэлтсийн даргын хэлснээр Таканойвад цохиулснаас болж туслахынх нь нүүр нэлээд хавдсан гэнэ. Сүмогийн холбоо өвлийн тойргийн барилдааны дараа Таканойвагийн шийтгэлийг авч хэлэлцэнэ гэнэ. 

Өнгөрсөн оны аравдугаар сард Таканойва А.Баасандорж их аварга Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулсан тухай дуулиан дэгдсэн. Уг хэрэг явдлаас сарын дараа Харүмафүжи аварга зодог тайлсан билээ. Таканойва энэ оны аравдугаар сард Харүмафүжигээс  24.13 сая иен буюу 211 мянган ам.доллар нэхэмжилж Токио хотын шүүхэд хандсан юм. Энэхүү зодооны хэргийн улмаас Таканойвагийн дэвжээний эзэн, домогт их аварга Таканохана сүмогийн ертөнцийг орхиж байгаагаа зарласан бөгөөд Японы сүмо бөхийн холбоо түүний дэвжээг татан буулгаж, Таканойва зэрэг бөхчүүдийг нь Чиганоура дэвжээнд шилжүүлсэн байна.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл