Нийслэлийн 5 сургуульд сэтгэл зүйчийн ЖИШИГ ӨРӨӨ бий боллоо

Н.Марал

2018-12-18 11:28:50

alternative title

“Канад сангийн орон нутгийн санаачлага” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад суугаа Канад улсын элчин сайдын яам “Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн” ТББ – тай хамтран Нийслэлийн 9, 62, 72, 74, 85 – дугаар сургуулиудад сэтгэл судлаач ажиллах олон улсын стандартад нийцсэн тавилга, сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөөнд шаардлагатай техник болон сургалтын хэрэгсэл бүхий өрөөг тохижуулжээ. 

Сургуульд сэтгэлзүйч ажилласанаар олон асуудлыг нээн илрүүлэх, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн тусламж шаардлагатай сурагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт, таниулгын ажил зөвхөн сурагчдад бус багш нар, эцэг эхчүүдэд зохион байгуулдаг тул эерэг нөлөөллийг бий болгох боломжтой юм байна. 

Төсөл хэрэгжүүлэгч “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” нь 2013 онд байгуулагдан сэтгэл зүйн тусламж, сургалт, зөвлөгөө, оношилгооны үйлчилгээг үзүүлдэг мэргэжлийн баг хамт олонтой байгуулага юм. Мөн "Сургуульд суурилсан сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх" зорилго бүхий сэтгэл зүйн зөвлөгөө өгөх стандарт жишиг өрөөнүүдийг бүрэн засварлан тохижуулж, ажиллах сэтгэл зүйчийн практик ур чадварыг дээшлүүлэхээр шаргуу ажиллаж байна.

Төслийг хамтран хэрэгжүүлэгч “Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөр” нь орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтийн орон нутгийн хөгжлийн чиглэлээрх төслүүдийг дэмжин ажилладаг. Тус сан 1997 оноос хойш Монголд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нийт зургаан сая гаруй канад долларын санхүүжилт бий болгосон ажээ.

Нийслэлийн алслагдсан дүүргийн 30 гаруй сургуулиудад “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын санхүүжилтээр мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулж байгаа юм. Энэ төслийн хүрээнд, эрхийн зөрчлийг илрүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сурагчдын сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой ажиллан, зохих үр дүнд хүрсээр байна. 

Эх сурвалж: Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн

  • Хуваалцах:

Сэтгэгдэл