МЭДЭЭ НЭМЭХ  

ҮЗХ хуралдсаны үр дүн юу вэ?

  • 369 уншсан
  • 0
  • 2014/11/09

Засгийн газраа огцруулж, Ерөнхий сайдаа унагаж, намын эсрэг кноп дарсан найман гишүүнээ хөөж тууна, түүгээр ч зогсохгүй санал хураалтын үеэр хуралдаа ирэлгүй "хоролмаадсан" долоон гишүүндээ ч хариуцлага тооцно гэхчлэн бөөн асуудал жагсааж тавиад хуралдсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хоёр өдөр Төрийн ордонд хөл хорьж, өнжлөө.

ҮЗХ эхний өдрийн хурлаа шөнө дөл болтол хийсэн ч бүхэл бүтэн зургаан цагийн турш хурал удирдагчдаа сонгох асуудлаар маргасаар байгаад таарчээ. Хурлыг намын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн намын дарга Э.Бат-Үүл, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар удирдан явуулж байсан ч гишүүд нь тэднийг эсэргүүцэж, эцэстээ тайзнаас хүчээр буулгах дээрээ тулжээ.

Ингээд санал хурааж, хурлын төгсгөлд НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нараар хурлыг удирдуулахаар болж, дараагийн өдрийг хүлээхээр болсон юм.

Өчигдөр орой ҮЗХ шөнийн 01 цаг хүртэл хуралдсан. Дотроо баахан бужигнасан гэх ҮЗХ-гоор Хяналтын хорооны гаргасан найман гишүүнийг хөөх тухай шийдвэрийг хэлэлцэн санал хураахад, ҮЗХ-ны гишүүд Хяналтын хорооны тогтоолыг намын дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн гэж үзэн, хариуцлага тооцохгүй байхаар шийдвэрлэв.

Хоёр дахь асуудал болох Ардчилсан намын дарга хэн болох вэ? гэсэн олон нийтийн хамгийн их хүлээж байсан асуулт ч энэ хурлаас тайллаа олсонгүй. Өөрөөр хэлбэл, намын даргаа солих эсэхийг энэ удаад хэлэлцэх шаардлагагүй гэж ҮЗХ-ныхон үзлээ.

ҮЗХ Ерөнхий сайдын асуудлыг АН-ын дарга, намын бүлэг хоёртоо дайж, ойрын хугацаанд багтаан ҮЗХ-нд оруулж ирэхийг даалгасан байна.

Цаашлаад Их хурлаа ирэх сард хуралдуулъя гэдэг дээр арай гэж санал нийлэн, түүгээр намын даргын асуудлаа ярилцахаар болжээ.

ЗХ ээлжит бусаар хуралдсан энэ хурлаасаа АН-ын МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүйд тооцох, гишүүдийг хөөх тухай тогтоолыг дүрэм зөрчсөн гэж үзэн, шийтгэл ногдуулаагүйд тооцох гэсэн дээрх хоёр тогтоолыг л гаргав.

Ингэснээр намынхаа эсрэг санал өгч, Засгийн газраа огцроход хүргэсэн найман гишүүн намдаа үлдэхээр болж, намын даргадаа эрх мэдлийг нь түр тогтоон үлдээв.

Энэ сценарыг харахаар АН-д тулгарсан асуудлыг шийдэхэд ҮЗХ жулдаж, товчхондоо бол яаран сандран хуралдсан ҮЗХ-ны хурал үр дүн муутай боллоо гэж дүгнэхээр. Сайн тал нь бүлэг, фракциудынхаа эв түнжингүй байдалд туйлдахаар болсон АН энэ удаа Ардын намын хүсч байсан шиг хэдэн тийшээ хага үсэрсэнгүй, уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг байдлаар асуудалд хандлаа.

Ардчилсан намынхан одоо Их хурлаа хүлээж байна.

ҮЗХ хуралдсаны үр дүн юу вэ?
Эх сурвалж: http://politics.news.mn/content/194755.shtml
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
ҮЗХ хуралдсаны үр дүн юу вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох