МЭДЭЭ НЭМЭХ  

Дараагийн Ерөнхий сайдыг намын дарга өөрөө нэр дэвшүүлнэ

  • 403 уншсан
  • 0
  • 2014/11/09

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хуралдаан арваннэгдүгээр сарын 7-ны 18:00 цагт эхлээд, арваннэгдүгээр сарын 9-ний шөнийн 02:00 цагт дууссан.

 

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хуралдаан арваннэгдүгээр сарын 7-ны 18:00 цагт эхлээд, арваннэгдүгээр сарын 9-ний шөнийн 02:00 цагт дууссан. Хуралдааны талаарх албан ёсны мэдээллийг өнөөдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, хурлыг зохион байгуулах хорооны ажлын хэсгийн ахлагч, нарийн бичгийн дарга н.Анхбаяр, хорооны гишүүн нарийн бичгийн дарга н.Мягмарсүрэн нар оролцлоо. Хурлын ирц, зохион байгуулалттай холбоотой асуудлаар нарийн бичгийн дарга н.Анхбаяр, н.Мягмарсүрэн нар товч мэдээлэл хийсний дараа намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь гол асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

 

Ц.Оюундарь: Найман гишүүнд хариуцлага тооцох асуудал нээлттэй байгаа

 

-ҮЗХ-ны хурлаар ямар асуудлыг хэлэлцэж, ямар шийдэлд хүрсэн бэ?

 

-Гурван асуудлыг авч хэлэлцсэн хурал боллоо. ҮЗХ-ны хурал хаалттай горимд шилжсэн үед албан ёсны мэдээллээс бусад бүх мэдээллүүд тухайн хувь хүний байр суурь гэж ойлгож болно. Сошил медиа хөгжсөн өнөө үед хэдийгээр хаалттай горимд шилжсэн ч гишүүд өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрх нь нээлттэй. Тийм ч учраас ҮЗХ-ны хуралдааны танхимаас нэлээд мэдээлэл гадагшаа тарсан. Гэхдээ дахин хэлэхэд энэ бүх мэдээлэл нь албан бус, тухайн хувь гишүүний өөрийнх байр суурь гэдгийг хэлье. Хэлэлцэх асуудлаас ямар шийдвэр гарсан бэ гэхээр “Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” гэдэгтэй холбоотойгоор 2012 онд ҮЗХ-ны хуралдаанаас Ардчилсан нам “Шударга ёс эвсэл” болон ИЗНН-тай хамтарч засгаа байгуулах шийдвэрийг гаргасан байсан. Өнөөдрийн энэ нөхцөл байдалтай холбоотойгоор энэ гэрээний нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй. Тийм учраас намынхаа бүлэг болон намын даргад цаашид байгуулах Засгийн газрыг ямар чиглэлтэйгээр байгуулах талаар чиглэл өгөх шаардлага үүссэн учраас ээлжит бус хурлыг зарласан. Ингээд асуудлыг хэлэлцэх явцад тодорхой нам, эвсэл, бүлэг гэж заалгүйгээр УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөл хийх эрхийг УИХ дахь АН-ын бүлэг болон намын даргад даалгасан. Шөнийн 02:00 цагт ҮЗХ-ны хурал дууссан тэр цаг мөчөөс эхлээд бүх яриа хэлэлцээрүүд эхэлсэн. Хоёрдугаарт, өнөөгийн үүссэн нөхцөл байдал үүссэний нэг том шалтгаан гэж үзэж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай АН-ын дарга Н.Алтанхуягийн 2014 оны аравдугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан хамтран ажиллах гэрээний асуудлыг хэлэлцсэн. Нэгэнт энэ гэрээг үзэглэчихсэн учраас ямар нэгэн байдлаар эрх зүйн чадамжтай, дараа нь маргаан гарах магадлалтай. Дээрээс нь ямарваа нэгэн нам, эвсэлтэй гэрээ байгуулах эрх ҮЗХ-нд хадгалагддаг. Тийм учраас энэхүү гэрээ хүчин төгөлдөр мөн үү, үгүй юу гэдгийг зайлшгүй хэлэлцэх санал гарсан. Ингээд аравдугаар сарын 18-ны өдөр үзэглэсэн гэрээ хүчин төгөлдөр биш гэж үзсэн. Үүнийг албан ёсны тогтоолоор баталгаажуулж өгсөн.

 

Хоёр дахь асуудал намын Их хурлыг хуралдуулах. Ардчилсан нам “Монгол хүн-2020” гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлээд, УИХ-д олуулаа болж, шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан. Орон нутаг болон нийслэлд ч ялалт байгуулсан. Энэ бүх ялалтын эхлэл болсон “Монгол хүн-2020” гэдэг хөтөлбөр маань ямар шатандаа явж байна вэ гэдгийг Их хурлаар авч хэлэлцнэ. Ингээд цаашид ямар чиг, баримжаатай явах вэ гэдэг асуудлыг Их хурлаар хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Тийм ч учраас Их хурлын эхний хэлэлцэх асуудал “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн байна.

 

Гуравдугаарт, намын даргын асуудлыг хэлэлцэх ёстой. Яагаад гэвэл өнөөдөр байгуулсан Засгийн газрын тэргүүн маань огцорчихсон байна. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор намын даргыг цаашид ямархуу байдлаар сонгох вэ. Дээрээс нь олон гишүүний хэлсэнчлэн намын даргын үүрэгт ажлын хугацаа дууссан байгаа гэдэг асуудал байгаа. Тиймээс намын даргын асуудлыг Их хурлаар хэлэлцье гэдэг шийдлийг гаргасан. Дээрээс нь Их хурлын бүрэн эрхэд хамаардаг, Их хурлаас шийдэх шийдлийн хүлээлтийг үүсгэсэн хэд хэдэн асуудал байгааг “Бусад” гэдэгт хамааруулаад явъя гэсэн. Үүнтэй холбоотойгоор Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг ЕНБД-аар ахлуулан 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүллээ. Дээрээс нь намын даргын сонгуулийг хийхтэй холбоотойгоор Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлага гарсан. Манай дотоод сонгуулийн хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй. Үүний дөрөв нь төрийн албанд очсон учраас дотоод сонгуулийн хороо бүрэлдэхүүнгүй нэлээд удсан. Энэ ээлжит бус хурлаар дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг бүрэлдүүллээ.

 

-ҮЗХ-ны хуралдаанд Ерөнхий сайдад нэр дэвших хүний асуудлыг авч хэлэлцсэн үү. Төсөв батлагдах гэж байгаа энэ үед Ерөнхий сайдын асуудлыг яаравчлан шийдвэрлэх шаардлага тулгамдаж байна.

 

-ҮЗХ-ны бүрэн эрхийн хүрээнд өөр бусад нам, эвсэлтэй байгуулах гэрээ болон Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах гэсэн хоёр бүрэн эрх бий. Түрүүний хэлсэнчлэн ямар нам, эвсэлтэй гэрээ хийхээс дараа, дараагийн үйл ажиллагаанууд шалтгаална. Тийм учраас одоо байгаа намын дарга болон УИХ дахь АН-ын бүлэгт энэ үүргийг өгсөн. Энэ үүргийн дагуу АН-ын бүлэг ажиллаад, шийдлийн хувилбараа дахиж ҮЗХ-нд оруулна. Тэрний дараа Ерөнхий сайдыг тодруулах асуудлыг ҮЗХ батална. Тэгэхээр ҮЗХ ойрын хугацаанд АН-ын бүлэг хэрхэн хурдтай ажиллахаас шалтгаалж дахин хуралдана.

-Тодорхой хугацаа зааж өгсөн үү?

 

-Тодорхой хугацаа зааж өгөөгүй. Ерөнхий сайдыг томилох асуудал маань өөрөө хуулийн хүрээнд 30 хоногийн хугацаатай. Энэ хуулийн хугацаанд асуудлыг хэлэлцэж, оруулж ирэх ёстой.

 

 

-УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөнө гэхээр сөрөг хүчинтэй хамтарна гэсэн үг үү? 

 

-Яриа хэлэлцээр хийх эрх УИХ-д суудалтай бүх намуудад нээлттэй байх боломж, эрх чөлөөг нь олгосон. Бүлэг маань яриа хэлэлцээрийн явцад ямар шийдэл гаргаж, ҮЗХ-нд танилцуулахыг дараагийн хурлын товоос л мэдэх байх.

 

-Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг ҮЗХ хэлэлцээд, нэр бүхий гишүүдийг намаас хөөх шаардлагагүй гэж үзсэн гэж байгаа. Энэ ямар шалтгаантай вэ?

 

-Хэлэлцэх асуудалд Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хэлэлцэх зүйл орсон. Дүрэм журамтай байгууллага учраас энэ дүрэм журмыг хүн бүхэн хүлээн зөвшөөрч, энэ намд элсдэг. Дүрмэнд заагдсан гишүүний хариуцлагын тодорхой заалтыг зөрчсөн нь санал хураалтын дүнгээр баталгаажсан учраас үүн дээр гишүүдээс ирсэн гомдлын дагуу Хяналтын ерөнхий хороо хуралдаж, шийдвэр гаргасан байсан. Энэ асуудлыг ҮЗХ маш нухацтайгаар хэлэлцсэн. Бараг бүх гишүүн үзэл бодлоо илэрхийлсэн. Нэг талаас өнөөгийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор учир шалтгааныг нь нарийн тодруулж, ярих ёстой гэсэн зүйлийг ярьсан. Нөгөө талаас дүрэм журамтай байгууллага учраас дүрмэн дээр Засгийн газраа огцруулсан нь тогтоогдсон тохиолдолд намаас хасах тодорхой заалттай. Тийм учраас энэ заалтыг зөрчсөн хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой, тэгэхгүй бол дараа дараагийн буруу жишиг тогтооно гэдэг талаас нь гишүүд маш нухацтай хэлэлцсэн. Гэхдээ Ардчилсан нам аливаа шийдвэрийг гаргахдаа хүний эрхийн ямар нэгэн зөрчилгүй байх талаас нь асуудлыг авч хэлэлцдэг. Гэтэл Хяналтын ерөнхий хороо маань процедурын хувьд алдаа гаргасан байна. Хүний тухай асуудлыг хэлэлцэхдээ хүнийг өөрийг нь байлцуулж, хэлэлцээгүй. ҮЗХ-ны ээлжит бус хурал маш богино хугацаанд зарлагдсан учраас тэрнээс өмнө амжуулах гэж процедурын алдаа гаргасан байна. Тийм учраас Хяналтын ерөнхий хорооны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн тэр тогтоолыг хэлэлцэж болохгүй. Яг тэр өдөр гаргасан тогтоолыг дэмжихгүй гэдэг шийдвэр гаргасан. Түүнээс биш яг тэр үйлдлийг нь зөвтгөх ч юм уу, тухайн үйлдэл дээр ямар нэгэн шийдвэр гаргаагүй.

 

-Тэгэхээр нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудал нээлттэй үлдэж байна гэсэн үг үү. Дараагийн удаад удахгүй хуралдах ҮЗХ-ны хурлаар асуудлыг хэлэлцэх үү?

 

-Нээлттэй. Хяналтын ерөнхий хороо гэдэг маань манай намын шүүх гэсэн үг. Шүүх дээр гомдолтой гэж үзсэн ямар ч хүн өргөдлөө гаргадаг. Тэр өргөдлийг үндэслэж, Хяналтын ерөнхий хороо хуралддаг. Тэгэхээр олон зуун гишүүдээс намын дүрмийн тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл дээр хариуцлага тооцох ёстой гэсэн өргөдөл ирсээр байгаа. Тэгэхээр энэ өргөдлийг хяналтын ерөнхий хороо хэзээд авч хэлэлцэх нь нээлттэй.

 

 

-Цаашдаа намын дүрмэндээ өөрчлөлт оруулах уу. Намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байгаа шүү дээ. Энэ зүйл заалтад цаашдаа өөрчлөлт орох уу?

 

-Намын дүрмэнд “Сонгуулийн үр дүнгээр олонхи болсон тохиолдолд намын дарга шууд Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлнэ” гэж заасан. Мөн намын дарга өөрөө тэр эрхээсээ татгалзах буюу өөрөө нэрээ дэвшүүлээгүй тохиолдолд намын дарга зөвхөн өөрөө өөр хүнийг санал болгож, ҮЗХ-нд оруулж ирдэг. Тэгэхээр намын дарга өчигдрийн ээлжит бус хурал дээр өөрөө дахиж нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн. УИХ-ын дарга бас нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн. УИХ-ын 33 гишүүнийг бүгдийг нь зогсоож байгаад эрэмбэлье гэдэг саналыг УИХ-ын дарга, ҮЗХ-ны гишүүн З.Энхболд гаргасан. Гэхдээ энэ бол дүрмийн бус санал учраас хүлээж аваагүй. Манай дүрмээр намын дарга санал болгосон тэр хүнийг ҮЗХ авч хэлэлцдэг.

 

-УИХ-ын чуулганы хуралдаандаа ирээгүй гишүүдийн асуудал бас байгаа. Энэ асуудалд хариуцлага тооцох зүйл яригдсан уу?

 

-Намын гишүүний хариуцлагын тухай журман дээр тодорхой заалт байдаг. “Эс үйлдэл” хийх гэж. Эс үйлдэл нь тодорхой санкцуудтай байдаг. Сануулах, улс төрийн албан тушаалд дэвшүүлэхгүй байх, сонгуульт албан тушаалаас нь чөлөөлөх, дөрвөн жилийн хугацаанд дахин сонгуульд нэрийг дэвшүүлэхгүй байх гэх зэрэг асуудал бий. Гэхдээ Хяналтын ерөнхий хороонд өргөдөл ирээгүй тохиолдолд энэ асуудлыг Хяналтын ерөнхий хороо өөрөө дур мэдэн авч хэлэлцдэггүй. Одоогоор ирсэн өргөдлүүдэд голдуу найман гишүүнд хамаатай өргөдлүүд байгаа. Тэр асуудлыг л Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцсэн байгаа.  

 

Л.Энхдэлгэр

Дараагийн Ерөнхий сайдыг намын дарга өөрөө нэр дэвшүүлнэ
Зургийн эх сурвалж: eagle.mn
Эх сурвалж: http://politics.eagle.mn/content/read/25047.htm
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дараагийн Ерөнхий сайдыг намын дарга өөрөө нэр дэвшүүлнэ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох