Хэрэглэсэн өндөгнийхөө хальсыг нь зүгээр л хаячихдаг юм биш биз

Өндөгний хальс олон төрлийн эрдэс бодисоор баялаг, хүний биед сайн нөлөөтэй боловч бид өндгийг хоол хүнс, эсвэл бүр гоо сайхандаа хэрэглэснийхээ дараа хальсыг нь зүгээр л хаячихдаг нь хайран юм. Энэ нь хүмүүс өндөгний хальсны ашиг тусыг тэр бүр мэддэггүйтэй холбоотой аж. 

Юуны өмнө өндөгний хальсны 90 хувь нь кальци байдаг тул хүний яс, шүд, мэдрэл, болон булчинд маш сайн нөлөө үзүүлдэг аж. Тиймээс дор хаяж та өндөгний хальсыг жижиглэн нухаад, сүү, тараг, йогурт зэрэг өдөр тутам ууж байгаа зүйлсдээ хольж болох юм. Хүн эрүүл байхын тулд өдөрт 1.5-3 гр өндөгний хальсны нунтаг хэрэглэхийг зарим судлаачид зөвлөдөг. Харин өндөгний хальсыг нухахаас өмнө сайтар угааж цэвэрлэхээ мартуузай. Үүнээс гадна өндөгний хальсыг дараах байдлаар хэрэглэж болно.

Хорхой шавж, мэрэгчийг үргээнэ

 Тасалгаанд тарьсан цэцэг, эсвэл ногооны талбайгаа хортон шавж, мэрэгчдээс хамгаалж сайн ургуулахыг хүсч байна уу? Тэгвэл өндөгний хальсыг гурил шиг болтол нь сайтар нухаж, жижиглээд цэцэг, ургамал руугаа цацаарай. Энэ нь хорхой шавж, мэрэгчдээс ангижрах хамгийн хялбар бөгөөд эрүүл арга юм.

Хөрсөнд шим тэжээл өгөх

Нэгэнт л өндөгний хальсаа тасалгааны цэцэг, эсвэл ногооны талбай, цэцэрлэгтээ зориулаад эхэлсэн бол яагаад хөрс рүү нь ч бас хийж болохгүй гэж. Дээр дурдсанчлан өндөгний хальс нь кальциар баялаг тул ургамал ногоонд маш их шим тэжээл болно. Өндөгний хальсаа сайтар жижиглээд, хөрс шороондоо хийж булаарай.

Мөн жимс, ногоо үрслүүлэхдээ ч бас өндөгний хальсыг ашиглаж болох юм.

Кофены гашуун амтыг дарах

Өндөгний хальсыг сайтар угааж хатаагаад, жижиглэн нүдсэнийхээ дараа бага зэргийг кофендоо хийвэл гашуун амт нь дарагдана.

Цус цэвэршүүлж, биеийн эсэргүүцлийг сайжруулна

Өндөгний хальсны шимт чанарыг ашиглан цусаа цэвэршүүлж, биеийн эсэргүүцлийг сайжруулах дараах аргыг хэрэгжүүлэхэд танд 4-5 өндөгний хальс хангалттай. Өндөгний хальсыг сайтар угааж, хатаагаад, нүдэж, жижиглэнэ.  Үүнийгээ гурван литр бүлээн усанд хийж, битүү таглаад, сэрүүн газар долоо хоног хадгалаарай. Ингээд үүнээс өдөрт нэг аягаар уухдаа бага зэрэг нимбэгийн шүүс нэмж болно.

Арьсны загатнааг эмчлэх

Өндөгний хальс 4-5-ыг угааж, нэг аяга алимын цуунд хийнэ. Үүнийг хоёр хоног байлгасны дараа өндөгний хальс нь алимын цуундаа уусах юм. Ингээд уусмалаа хөвөнд шингээж аваад, арьсныхаа загатнаж, улайсан хэсэгт зөөлөн товших маягаар шавшаарай.

Эх сурвалж: tips-and-tricks.co