Б.Амгаланбаатар: Гүйж байхдаа жагсаалаас гарахад нь ахлагч нь цохисон асуудал байгаа

Н.Марал

2019-01-25 17:14:00

alternative title

Зэвсэгт хүчний жанжин штабаас Зэвсэгт хүчний 336 ангид болсон хэрэг явдлын талаар мэдээлэл хийлээ.

Бригадын генерал Б.Амгаланбаатар: "Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа эхлээд явж байгаа учраас процесс тайлбарлах боломжгүй. Хэрэг явдал 2018 оны нэгдүгээр сарын 22-ны 14.30-16.00 цагийн хооронд болсон. Энэ хугацаанд ангийн захирагчийн тогтоосон дэг журмын дагуу 5-6 дугаар цагийн хичээл орж байгаа ёстой цаг мөч байсан.

Уг салбар тухайн өдөр 10.00-11.00 цагийн үед харуулын үүрэг гүйцэтгээд буусан юм байналээ. Энэ үед ахлагч нар салбарын захирагчийн үүргийн дагуу байранд үзлэг хийсэн. Үзлэгээр эмх замбараагүй хадгалсан эд зүйл, гар утас олдсон. Захирагчаас дотоод журам зөрчсөн тул нийт цэргийн албан хаагчдад арга хэмжээ авах үүрэг өгсөн тул ахлагч цэргүүдийг авч гараад биеийн тамирын талбай дээр гүйлгэсэн байгаа. Энэ явцад талийгаачийн биеийн байдал муудан "Дотор муухайрч байна. Би гүйж чадахгүй" гэсэн тайлбарыг хэлсэн. Энэ үед салаан захирагч өөр салбарын ахлагчийн хамт очин гүйлтийг зогсоон цэргүүдийг байранд нь оруулсан.  

Ингээд талийгаач цэргийн биеийн байдал дахин муудаж оронд нь орж хэвтүүлсэн байна. Дэргэд нь байсан албан хаагчид гар, хөлөнд массаж хийж эмнэлгийн анхан тусламж үзүүлэхийг оролдсон. Түүний дараа эмч, сувилагчийн хамт ирэхэд талийгаач ухаан алдсан байдалтай таталт өгсөн байсныг Зүүнбаянгийн багийн эмнэлэг рүү авч явах шийдвэр гарган багийн эмнэлэг рүү явах замд нас барсан.

Зүүнбаянд хоёр хоног ажиллаад ирсэн ажлын хэсгийн дүгнэлтээр нэгдүгээрт ангийн удирдлагаас өдөр тутмын ажилд тавих хяналт сул байсан . Хоёрдугаарт цэргийн сахилгын шийтгэлийг зөрчсөн. Шийтгэлийг нийтээр нь хавтгайруулан оногдуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэдгийг тогтоосон. Гуравдугаарт эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн байна гэсэн үндэслэл тогтоосон.

Манай цэргийн дотоод дэг журам, үйл ажиллагаанд тавих хяналт сул, цэргийн дүрэм зөрчигдсөн асуудал байгаа учраас бид холбогдох шат шатны удирдлагад нь арга хэмжээ тооцох саналаа Батлан хамгаалахын сайдад хүргүүлсэн байгаа.

Ийм харамсалтай хэрэг гарсан явдалд, айлын залуу сайхан хүүхэд амь үрэгдсэн явдалд гүнээ эмгэнэж талийгаачийн ар гэр хамаатан садан, найз нөхөд бүгдэд нь эмгэнэл илэрхийлж байна." гэлээ. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл