М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөллөө

Н.Марал

2019-01-29 14:35:00

alternative title

УИХ-ын нэгдсэн чуулганаар  УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжээгүй. 

Харин түүний дараагаар УИХ-аар оруулж санал хураалт явуулахад 65 гишүүн оролцсоноос 43 нь М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ. Ийнхүү 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө.

УИХ-ыг шинэ даргатай болтол дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы хуралдааныг удирдан явуулна.

 М.Энхболдийн УИХ-ын даргаас чөлөөлөгдсөнийхөө дараа чуулганы индрээс үг хэлсэн үгийг хүргэе


Тэрбээр "УИХ бүрэн эрхийнхээ дагуу энэ хуулийг баталж, би хуулийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарал өдөр тохиож байна гэж би харж байгааа.  Дахин энэ хуулийн заалтыг ашиглаж, хэн нэгэн даргыг чөлөөлөхгүй байх гэж найдаж байна. 

Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж би ам бардам хэлнэ. Өмнөх парламентаас бид илүү байсан. Эдийн засгийн уналтад орсон үед ажлаа эхэлж байсан. 

Улс орны өмнө тулгамдаж байгаа иргэдийг бухимдуулж байгаа олон асуудалд анхаарал тавьж байсан.

Иргэдийн амьдрах нөхцөл амаргүй байгаа учраас ярьж, шүүмжилж байгаа асуудлыг зөв зүйтэйгээр ойлгож байгаа. Харин би өнөөдөр жагсаал цуглааныг зохион байгуулсан залуустаа хандаж үг хэлмээр байна.

20 жилд болсон бүх муу муухайг нэг хүнд нааж, харлуулж болдгийг та бүхэн харууллаа. Хэн нэгнийг алдаршуулж ард түмний хайртай хүү болгох хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа бүх асуудлыг шийдвэрлэж байна гэж харуулахад намайг харлуулах хэрэгтэй байсан юм болов уу. Над руу хар будаг их цацсан. Би тэр их хар будгийг цагийн эрхэнд, нар салхины аясаар хагдран алга болно гэж найдаж байна. Миний хийсэн бүтээснийг ард түмэн ойлгох цаг ирнэ гэж найдаж байна. 

Надад эцэг эхээс олгосон хүмүүжил, энэ төрөөс олж авсан хатуужил бий. Харин эхнэр хүүхдүүдэд минь хандаж жагсаал хүртэл зкохион байгуулсан явдал боллоо. Би тэр үед жагсаал зохион байгуулсан хүмүүсийн өмнөөс гэр бүлийнхнээсээ уучлал гуймаар болж байсан.

Би МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж явсан намтар түүхтэй хүн шүү. 13 жилийн өмнө МАНАН-гүй Засгийн газарт миний оруулж байсан хүмүүс энэ сарын 25-нд намайг огцруулахаар гарын үсэг зурсанд харамсаж байна.

Намайг УИХ-ын даргад, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад хэн ч намайг МАНАН-гийн толгойлогч гэж хэлж байгаагүй. Хүмүүс ийм хурдан өөрчлөгдөж байна" гэлээ. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл