МУ-ын гавьяат тамирчин О.Насанбурмаагийн нэрэмжит тэмцээн үргэлжилж байна

М.Саран

2019-03-04 14:24:00

alternative title

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг бие тамир, спортын төрөл бүрийн арга хэмжээнд татан оролцуулах, сэтгэл санаа, бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын энэ оны спортын аварга шалгаруулах 19 төрөлт цогцолбор тэмцээн үргэлжилж байна. 

Энэ жил энэхүү цогцолбор тэмцээний нэг болох чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаагийн нэрэмжит болгон зохион явуулж байгаагаагаараа онцлог юм.

Цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа нь тив, дэлхийн олон удаагийн уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж,  дэлхийн аваргын нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин юм. Түүнийг байгуулсан энэхүү гавьяа, хичээл зүтгэлийг цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад алдаршуулж, таниулах, залуу үеийнхнийг чөлөөт бөхийн спортоор хичээллүүлэхийн ач холбогдлыг мэдрүүлэх зорилготой тэмцээнд эрэгтэй 52, 65, 74, 88, 97, 125 кг, эмэгтэй -62, +62 кг-ын нийт 8 жинд 41 анги, байгууллагын 210 гаруй тамирчид оролцлоо. 

Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчин ирэх наймдугаар сад БНХАУ-ын Чиндао хотод зохиогдох дэлхийн цагдаа, галын тоглолтод оролцох эрх авч байгаагаараа  онцлог юм.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас чөлөөт бөхийн спортоор Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, цагдаагийн бэлтгэл хошууч Д.Сэрээтэр, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн бэлтгэл хошууч Ц.Нацагдорж, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн бэлтгэл хошууч Б.Болд, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэд хурандаа Б.Наранбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэслэгч Д.Наранмандах, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч О.Бурмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах ахлагч Э.Бэхбаяр, ОУХМ, цагдаагийн ахмад Н.Золбоо, Т.Тулга нарын алдар цуутай олон тамирчид төрөн гарсан юм гэж ЦЕГ-ын “Хүч” спорт хорооноос  мэдээлэв.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл