Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

М.Саран

2019-03-07 12:50:32

alternative title

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хашаа, хайс барих ашиглах журам батлах тухай асуудлыг эхлэн хэлэлцлээ.

Журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцууллаа.

Журмын төслийг боловсруулахдаа Төрийн ордноос 0.5 км радиуст 84.2 км газар, өнгөрсөн онд Их тойруугийн 1113.2 га талбарт хөдөлгөөний эрчимийг нэмэгдүүлж, амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд шинэ гудамж зам гаргах, авто зогсоол, ногоон байгууламж, тохижилтыг нэмэгдүүлэх судалгаа хийжээ.

Уг судалгаагаар саад чөлөөлөх 200 байршил, 24.34 км буюу 122 байршилд шинэ авто зам тавих, 70 байршилд шинэ явган хүний зам, 82 байршил тохижуулах, ногоон байгууламж, 8 байршилд нийтийн бие засах газар байгуулах бол ил зогсоол, газар доорх болон дээрхи ил зогсоол, чөлөөлөх объектуудыг төлөвлөжээ.

Бага тойруу орчимд хийсэн судалгаагаар тухайн орчимд байгаа хашаануудыг хуулийн этгээдийн төрлөөр авч үзвэл орон сууцны зориулалттай барилга 46, иргэн, аж ахуй нэгжийн барилга 104, төрийн байгууллагын барилга 116, тусгай байгууллага барилга 9 буюу нийт 10925 метр 106 хашаа байгаа юм.

Дээрх хашаанаас орон сууцны 46, аж ахуйн нэгжийн 104, барилгын нийт 7065 м 85 хашааг буулгаснаар явган хүн, дугуйтай зорчигч автомшаины орц гарцыг нэмэгдүүлэх боломжтой юм байна.

Уг журмыг боловсруулан хэрэгжүүлснээр хашаа, хайс, амьд хайс, түр хашаа зэрэг төрлөөр ангилж уг асуудалтай холбоотой ажлуудыг журмаар зохицуулахаар тусгажээ. Өмнө нь 5 бүлэг бүхий журам 2009 онд батлагдан гарч хэрэгжиж байгаа. Тухайн үеийн нөхцөл байдал, харилцан уялдаатай ажиллах байдал, тогтолцоо хашааг барих болгон буулгах зэрэг асуудлууд тусгагдаагүй учир энэхүү журам үйлчлэхэд хүндрэлтэй болсон учир энэхүү журмыг шинэчлэн боловсруулж байгаа юм.

Журмын төсөлтэй холбоотой зөвлөлийн хурлын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Хашаа хайсыг буулгах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах, зорчих хэсгийг хязгаарлаж буй аж ахуй нэгжийн хашаа хайсыг буулгах, цаашдаа ийм үзэгдлийг давтахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ. Уг асуудалтай холбоотой иргэдийн дунд санал асуулга явуулж, асуудлыг дахин нягтлан ажлын хэсэг байгуулан энэ сарын 22-ны зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа эрхэлж байгаа нийслэлийн өмчийн сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухны танилцуулга, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явулж байгаа дунд болон том оврын уурын зуухны тухай, Агаар бохирдуулагч эх үүсвэрт хийсэн шалгалтын дүнгийн тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа ахуйн хэрэглээний зуух, MNS-5216:2016, усан халаалтын зуух MNS-5043:2016 стандартаар халаалтын зуухыг эх үүсвэрээр нь 3 ангилдаг. Үүнд:

  • Ердийн галлагаатай 15 кВт хүртэлх хүчин чадалтай зуух, Ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа уламжлалт болон сайжруулсан зуух, пийшин, усан халаалтын зуух, мөн жижиг үйлдвэрлэл үйлчилгээ, харуул хамгаалалтын байранд ашиглагдаж байгаа 125м/кв хүртэлх талбайтай гэр байшин халаадаг зуух.
  • Усан халаалтын 16-100 кВт хүртэлх хүчин чадалтай. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд ашиглагдаж байгаа 125 м/кв-1000 м/кв талбайтай байшин халаадаг ууран болон усан халаалтын зуух
  • Усан халаалтын 101 кВт-аас дээш хүчин чадалтай технологийн зориулалттай уур үйлдвэрлэдэг зуух, төвлөрсөн болон нэгдсэн дулаан хангамжийн усан халаалтын зуух хамаардаг. 1000 м/кв-с дээш талбайтай том байр, обьект халаана.

Өнгөрсөн оны агаарын бохирдлын эх үүсвэрийн тоо бүртгэлээр нийслэлийн хэмжээнд 15-100 кВт хүртэл хүчин чадалтай 2397 зуух, түүхий нүүрс хэрэглэж байгаагаас агаарын чанарыг сайжруулах бүс буюу төвийн 6 дүүрэгт 2333 халаалтын зуух байна. эдгээр зуух халаалтын улиралд ойролцоогоор 26 мянган тонн түүхий нүүрсийг шатааж агаар бохирдуулдаг.

Дээрх 2333 зуух Монгол, ХБНГУ, Хятад, Чех, Турк, Солонгос зэрэг 19 төрлийн зуух бүртгэгдсэн байгаа ч дийлэнх нь гар хийцийн марк тодорхойгүй зуухууд байгаа юм.

Харин 101 кВт-аас дээш хүчин чадалтай буюу том оврын усан халаалтын зуухны хувьд агаарын чанарыг сайжруулах бүсэд 171 аж ахуй нэгж байгууллагын 337 халаалтын зуух халаалтын улиралд 171650 тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа талаар танилцууллаа.

Өнөөдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Сэлбэ, Баянхошуу дэд төвийн газар чөлөөлөлтийн явцын талаар, теле хяналтын камеруудын техникийн даалгавар, ашиглалт үйлчилгээнд хяналт тавих тухай мөн хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл