МЭДЭЭ НЭМЭХ  

11-р сарын 19: Олон улсын эрчүүдийн өдөр

  • 1,169 уншсан
  • 1
  • 2014/11/19

Жил бүрийн 11-р сарын 19-нийг Олон улсын эрчүүдийн өдөр болгон тэмдэглэх болжээ. Зорилго нь: бүх дэлхийн эрчүүд ба хөвгүүдийн амьдрал ахуйд анхаарах, сайжруулах явдал юм. 

1999-11-19-нд Тринидад-Тобаго улсад анхны санаачлага нь гарч, үүнийг НҮБ болон дэлхийн бусад орнууд идэвхтэй дэмжсэн байна.

Дэлхийн аль ч оронд эр хүйстнүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс богино байгаа бөгөөд амиа хорлолтын түвшин өндөр, төрөл бүрийн хүчирхийлэл, харгис хэрцгий хандлагыг тэвчээртэйгээр үүрч өнгөрүүлдэг зэрэг эрчүүд, хөвгүүдэд тулгарч байгаа тулгамдсан асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах нь маш чухал байгаа юм.

Мөн гэр бүл, нийгэмд оруулж буй эрэгтэйчүүдийн хувь нэмрийг суртчилж, эрчүүдийн тэргүүлэх үүрэг ролийг хөхүүлэн дэмжих хэрэгтэй байна.

Монголын сайхан эрчүүд, удам залгах нуган үрсдээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!


”Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”

Яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайхан

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла

Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ

Эрчүүдээ та нар хааяа ч гэсэн хайрлаач

Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

 

Хэл нь тагнайгаан олохгүй тультчиж

Хөл нь дэлхийгээн онохгүй тэмтчиж

Хааяа нэг халамцуухан ирэхэд нь

Хараалын үг урсгаж

Халаасыг нь битгий хоосло оо.

Янагийн захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь

Яах вэ хөөрхий шараа тайлах юмыг нь үлдээ

Дээл бүсэн гоёлтой

Дээрээ малгай хийморьтой

Андынхаа дэргэд цовоожижи

Аавынхаа харцанд томоождог

Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг

Янжинлхамууд минь өршөө...

 

Уул шиг юм гэж дандаа битгий давар

Үүл шиг нүүгээд явчихдаг юм

Ус шиг уян гэж дандаа битгий самар

Уур болоод дэгдчихдэг юм

Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал

Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юмаа.

 

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр

Хэзээ, хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ?

Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм

Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм

 

Өөрийг чинь ээж болгосон хүний дээд юм шүү дээ

Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла

Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

 

Олон олон авааль гэргий та нараасаа

Олон олон аавын хөвгүүдийг

Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо

Өөрийн минь биеийг битгий болгоо

 

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ

Эрчүүдээ та на хааяа ч гэсэн хайрлаарай

Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл

Янжинлхамууд минь ээ...

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
11-р сарын 19: Олон улсын эрчүүдийн өдөр
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • asd 2014/11/22
    adadsadasdsad asdsad adad

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох