МЭДЭЭ НЭМЭХ  

Алга болохоос нь өмнө амжиж үзэх 10 газар

  • 10,588 уншсан
  • 1
  • 2014/11/20

Дэлхийн дулаарал, аж үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжил, дээрээс нь аялал жуулчлал хүчээ авсантай холбоотойгоор манай гарагийн зарим газруудаас удалгүй зураг төдий л ул мөр үлдэх нь. Эдгээр газруудын зарим нь бүрмөсөн алга болж, заримыг нь хадгалан авч үлдэхийн тулд хаалттай бүс болгох бололтой. Маргааш биш, өнөөдөр л билетээ захиалахгүй бол тун болохгүй эдгээр газруудыг танилцуулъя. 

1. Пасха арал жуулчдын хөлд хэт дарагдах болсноор усан хангамж, цахилгаан эрчим хүч зэрэг суурь хэрэглээний хомсдол үүсээд байна. Мөн арлаар нэг сэлгүүцэх жуулчид ардаа хогон овоо үлдээхээс гадна санаатай буюу санамсаргүйгээр арлын экологийн тэнцвэрийг алдагдуулаад зогсохгүй моаи гэх чулуун хөшөөнүүдийг ч эвдэн сүйтгэх болжээ. Иймээс нутгийн оршин суугчид жуулчдын тоог эрс багасгах талаар тэмцэл өрнүүлж эхлээд байна.


2. Антарктидын мөс Дундад зууны үеийнхээс 10 дахин хурдан хайлж буй нь аюулт үзэгдэл юм. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгаж, мөсний хайлалтыг удаашруулахын тулд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, аялал жуулчлалыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. 2-3 жилийн дараа энэ орчин бүр мөсөн хаалттай бүс болох магадлалтай. 


3. Мачу-Пичкуг хамгаалахын тулд ЮНЕСКО хэдэн жилийн өмнөөс жуулчдын тоонд лимит тогтоогоод байгаа билээ. Одоо энд өдөрт 2500 жуулчид ирж сонирхдог. Гэвч Перугийн засгийн газар энэ тоог их байна гэж үзээд хорогдуулахаар хөөцөлдөж байгаа ажээ.


4. Африкийн хамгийн өндөр, мөнх цаст Килиманжаро уул сүүлийн 100 жилийн дотор цасан бүрхүүлийнхээ 85%-ийг алджээ. Шинээр орсон тундас үүнийг нөхөж амжихгүй байгаа учраас ойрын 25 жилийн дотор Килиманжаро цасан хучлагаа бүрмөсөн алдаж огт танигдахгүй дүр төрхтэй болох аюул тулгараад байгаа гэнэ.


5. Шүрийн полипоор хооллодог нэгэн төрлийн далайн од хэт олширсон, мөн халуун бүсийн салхи шуурга, дэлхийн дулаарал, жуулчдын тасралтгүй урсгал зэрэг нь Их шүрэн хаалтанд нөхөж баршгүй гамшиг учруулж байна. Усны хүчиллэг чанар болон температурын хэмжээ дээшилснээр үзэсгэлэнт шүрэн арлууд устаж эхэлжээ. 2100 он гэхэд энэ гайхамшиг дэлхий дээр байхгүй болох төлөвтэй.


6. АНУ-ын Агаарын хүчний ангиуд Вьекес болон Кулебра арлуудыг цэрэг дайны сургуулилт хийх талбар болгон ашигласаар иржээ. Үүний уршгаар эдгээр арлуудын амьтны болон ургамлын ертөнц ихээхэн хохирол амссан билээ. Сургуулилтын талбар байхаа болимогц жуулчдын хөлд нэрвэгдэх болов. Одоо эндэхийн хосгүй гайхамшигт эко систем сүйрлийн ирмэг дээр ирээд байна.


7. 10 жилийн өмнө Сөнөсөн тэнгисийн усны түвшин одоогийнхоос 11 метрээр өндөр байжээ. Давсны үйлдвэрлэл болон тэнгисийн цутгалангийн 80%-ийг өөр зүйлд ашиглах болсноор усны түвшин ингэж багассан байна. Сөнөсөн тэнгисийг хадгалан авч үлдэхийн тулд Улаан тэнгисээс нааш нь суваг татах гэнэ. Ингэхлээр хорвоод хосгүй Давст тэнгис маань унаган төрх, усны найрлагаа эргэж буцалтгүй алдана гэсэн үг.


8. Энэтхэгийн Таж-Махалын бунхныг үзэхээр жил бүр 3-5 сая жуулчин ирдэг. Ойрын 5 жилийн дотор энэхүү хосгүй үнэт түүхийн дурсгал жуулчдад хаалттай болж магадгүй. Учир нь, жуулчдын тасралтгүй үргэлжлэх цуваа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэргээс орчны экологийн тэнцвэр алдагдаж энэ нь бунхны барилгад нөлөөлж, нуралт өгч цасан цагаан өнгөө алдаж эхлээд байгаа ажээ.


9. Венец хот жилд 2 мм орчим хэмжээгээр усан дор орж байдаг. Эрдэмтдийн тооцоолсноор 2028 оны үеэс энд хүн амьдрах боломжгүй болох ба 2100 он гэхэд хот бүхлээрээ живэх гэнэ.


10. Төвдөд очих улам л хэцүү болсоор байна. Учир нь, Хятадын засгийн газар үе үе “аюулгүйн асуудал“-тай холбоотойгоор жуулчдыг хүлээн авахаас татгалздаг. Сүүлийн жилүүдэд гадныхан очихыг улам ихээр хориглох болсон нь яваандаа аялал жуулчлал зохион байгуулах, виз олгох, бие даасан аялал хийх зэрэгт сөрөг нөлөө үзүүлж, зогсоох магадлал ихтэй юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Алга болохоос нь өмнө амжиж үзэх 10 газар
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Z24.MN 2015/07/30
    Онгоцны хамгийн хямд тийзийг Z24.MN болон 70004141 захиалаарай

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох