Ч.Чимэдбат: Тухайн иргэн нэг жил тойрох хугацаанд тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулах хуваарьтай байдаг

Тээврийн цагдаагийн албанаас холбогдох газруудтай хамтран Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү шалгалтын ажлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.

-Шалгалт хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Автотээврийн үндэсний төвтэй хамтран энэ сарын 4-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгслийн бүрэн байдалд хяналт тавих арга хэмжээг зохион байгуулж байгаа. 

Энэ хүрээнд тээврийн бүрэн бүтэн байдалд газар дээр нь үзлэг явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах юм. Тухайлбал, утаа ихээр ялгаруулж буй эсэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож яваа эсэх, үйдвэрлэгчээс тогтоосон даац хэтрүүлсэн эсэх, үйлдвэрийн хийцийг өөрчлөн тоноглосон эсэх, гэрэлтүүлэх болон дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэх, гэрэл ойлгогч наалт наасан байдал зэргийг хянаж, шалгана.

-Жолооч нар жил бүр тээврийн хэрэгслээ үзлэг оношилгоонд хамруулах ёстой байдаг. Хэрэв үзлэгт орох хугацаа хэтэрсэн нь тогтоогдвол ямар арга хэмжээ авах вэ?

-Тухайн иргэн нэг жил тойрох хугацаанд тээврийн хэрэгслээ үзлэг оношилгоонд оруулах хуваарьтай байдаг. Жишээлбэл, өнгөрсөн жилийн гуравдугаар сард үзлэгт орсон бол энэ жилийн хоёр эсвэл гуравдугаар сард багтан үзлэг, оношилгоонд орж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах ёстой. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөтэй холбоотой асуудал учраас бид эрчимжүүлсэн хяналтыг хийж байгаа юм. Хэрэв дараагийн үзлэгт орох хугацаа нь хэтэрсэн байвал Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу хүнийг 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгоно. Харин хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно.

-Хяналт шалгалтыг тогтсон цэгүүдэд хийж байгаа юу?

-Зарим жолооч цагдаагийн хяналт байхгүй гэж бодон бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох тохиолдол байдаг. Тиймээс хяналт шалгалтаа хөдөлгөөнт байдлаар зохион байгуулж байгаа. Түүнчлэн үзлэг оношилгоондоо ороод тэнцсэн ч хамтарсан шалгалтаар тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын шаардлага хангахгүй байвал үзлэг, оношилгоо хийсэн газартай нь холбогдож, тодруулга авч, дахин үзлэгт оруулна. 

-Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим сүлжээ буюу smartcar.mn хэсэг хугацаанд доголдсон. Энэ хугацаанд банканд татвараа төлсөн зарим иргэний мэдээлэл нь “Төлөөгүй” гэх төлөвтэй байна гэх гомдол гарсан. Үүнийг танайд хандан шийдвэрлүүлэх үү?

-Хэсэг хугацаанд татварын цахим систем засвартай байсан. Энэ хугацаанд татвараа төлсөн бол харьяа дүүргийн татварын хэлтэс, эсвэл Татварын ерөнхий газарт хандан цахим мэдээллийн санд мэдээллээ оруулах ёстой. Манайхаас шалгахдаа ТЕГ-ын татварын нэгдсэн систем, Автотээврийн үндэсний төвийн оношилгооны нэгдсэн системээс жолоочийн мэдээллийг татаж авч шалгадаг. Өөрөөр хэлбэл, манай алба өөр дээрээ бүртгэхгүйгээр бусад харьяа газруудын сангаас татаж авдаг тул төлөгдөөгүй гэж харагдаж буй тохиолдолд ТЕГ-т хандан бүртгүүлснээр засуулах боломжтой.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба