МЭДЭЭ НЭМЭХ  

Ер бусын сонирхолтой 10 парк

  • 5,705 уншсан
  • 4
  • 2014/03/19

Байгаль эх өөрөө гайхалтай урлаач боловч түүний бүтээлийг хүн засварлах тохиолдол цөөнгүй. Үүний үр дүнд нүд хужирлам үзмэрүүд бий болдог ажээ. Өнөөдөр бид дэлхийн хамгийн хачирхалтай сонин цэцэрлэгт хүрээлэнгүүдийн тухай мэдээ бэлтгэлээ. 

 

200 Буддагийн парк, Лаос

Энэ паркийг Лаосын бурханы шашны лидерүүдийн нэг Бунлы Сулитат гэдэг хүн байгуулжээ. Маш их цаг гаргаж хийсэн энэ ажлаа Сулитат дуусгаж чадалгүй галзуурч нас барсан гэдэг. Байгуулсан парк нь үнэхээр бишрэм: харьцангуй багахан талбайд Будда бурханы 200 дүрсийг залж хажуугаар нь энэтхэг, буддын үлгэр домгийн баатрууд болон бурхад, могой зэрэг амьтдын дүрсийг гоёмсгоор урлаж байрлуулсан байна. Тэдгээрийн хоорондын зайг маш зөв зохион байгуулсны ачаар баримал бүрд тулж очин хээ угалз бүрийг нарийн сайн ажиглах боломжтой ажээ. Чулуун хөшөө бүрийн нүүр царай өөр өөрийн онцлог төрхтэй гэнэ. Могойн хальснаас эхлээд баатруудын хувцасны хуниас нугалаа, жижиг сажиг деталиуд, нүүр царай гээд л бүх юм маш уран нарийн хийцтэй. Зарим хөшөөний өндөр 20 метр хүрдэг бол зарим нь 5 настай хүүхдийн өндөртэй ойролцоо гэнэ. Энэ парк Нонг Кхаи хотоос 5 км зайд байдаг тул тийшээ дугуй унаад эсвэл алхаад очсон ч  болохоор юм байна. Энд Хөшөөнүүдээс гадна үзэсгэлэн төгөлдөр цөөрөм, арчилж тордсон цэцгийн мандал, үүсгэн байгуулагч Бунлы Сулитатын  чандар бүхий шилэн бунхан байдаг гэнэ.


Ногоон нуур, Австрали.

Трагоэсс хотод байдаг энэ паркад өвөл очиход гайхах юмгүй,жирийн л мод сөөг, цэцгийн мандалтай байдаг л нэг парк. Хүмүүс энд ирж тухлаг сандал дээр амарцгаан, уул усыг харж баясах дуртай. Нуурын ус нь ер бусын ногоон өнгөтэй гэнэ. Харин зун болохоор нуурын ус эргээ халин бялхаж, усны түвшин нь 2-10 метр хүрдэг тул парк тэр аяараа живж усан дор ордог ажээ. Энэ үед дэлхийн өнцөг булан бүрээс шумбагчид хуран цуглардаг гэнэ. Яагаад гэвэл танил дотно ертөнцөө усан дор олж харах завшаан ганцхан энд л гардаг учраас тэр. Болор мэт цэнгэг усан дотор ургамал, мод, явган замын дундуур жижиг загаснууд өвөл болтол тайван хөвнө.


Нүгэлтнүүдийн парк, Таиланд

Зүрх зоригоор муухан хүмүүс энд ирэх хэрэггүй. Бангкокоос 40 км-ийн зайнд, Буддын нэгэн сүмийн мэдэлд байдаг энэ парк тэр аяараа дүүжлүүлж, жаданд сүлбэгдэж, мангаст идэгдэн үхэж буй хүмүүсийн аймшигтай баримлаар дүүрэн. Газрын там гэдэг л ийм байдаг байх гэж бодогдмоор. Бас энд тэндээс сэтгэлд дарамттай, чихэнд чийртэй хөгжим дуугарч, аймшигт тамлал, шийтгэлийн тухай өгүүлэх / азаар тай хэл дээр / бөглүү муухай дуу хоолой сонсогдож цус царцаадаг гэнэ.Тайчууд хүүхдээ дагуулж наашаа ирдэг нь их сонин, ямар нэг хүмүүжлийн зорилго агуулдаг байх л даа. Бидний санахад энд хүүхэд авчрах байтугай, туйлын чанга хатуу сэтгэлтэй, эсвэл бүх зүйлийг тоглоом наадам  болгон хувиргаж чаддаг хэнэггүй гарууд л наашаа зүглэсэн нь дээр байх.


Сансрын сэтгэлгээний парк, Шотланд

Паркийг үндэслэгч эхнэр, нөхөр Чарльз Дженкс, Мэгги Чесвик нар нь үзэгчдэд Орчлон ертөнцийн талаар зарим ойлголтыг өгч, орчин үеийн шинжлэх ухаан бол ер бусын хосгүй энэ зүйлийг танин мэдэх нэг алхам юм гэдгийг харуулахыг зорьжээ. Энд цэцгийн мандал, зам харгуй огт байхгүй. Харин ер бусын хэлбэртэй хиймэл даваа гүвээ, гүүр, шат зэрэг уран зөгнөлийн объектууд бий. Хөнгөн цагаанаар хийсэн ер бусын хэлбэртэй баримлууд нь хүрээлэн байгаа орчинтой сайхан зохицож нэгэн гайхалтай өнгө төрхийг бий болгосон байна. Энд ирсэн хүмүүс “ хар нүхэнд “ унаж, Клейны лонхон дотор суугаад математикийн томьёо бодож, олонлогийн дотуур зугаалж болох аж. Өндрөөс харвал парк тэр аяараа нэгэн нэгдмэл дүрс болж харагддаг байна. Энэ бол хүний гараар бүтсэн, манай гарагийн нэгэн гайхамшиг бөгөөд гарцаагүй очиж үзвэл зохих газрын нэг билээ.


Бурханы бүтээлийн парк, АНУ

Библи сударт “бурхан хүнийг бүтээсэн” гэж бичсэн нь хувьслын онолтой нэг их зөрчилдөөгүйг харуулах зорилгоор энэ музейг байгуулжээ. Асар том “ Нойн хөлөг “ –ийн хажуугаар аварга динозавруудын хөдөлдөг дүрс байх ба, шилэн хоргоны цаана эрт галавын үеийн амьтдын араг яс ба библийн дурсгалт зүйлс харагдана. Динозаврууд ч библид харшлахгүй бололтой, хүрээлэнгийн ажилтнуудын баталж буйгаар “ Бурхан бусад бүх амьтныг бүтээсэн шигээ динозавруудыг ч бас бүтээсэн. Харин тэд ямар нэгэн шалтгаанаар Усан галавыг тэсэж чадаагүй юм.“ гэнэ. Ийм шашны суртлыг үл харгалзан энэ парк асар их нэр хүндтэй ажээ. Энд байгаа араг яснууд нь цөм археологийн олдвор мөн гэнэ. Библийн түүхийг шинжлэх ухаантай холбох уг санаа нь ч бас  анхаарал татсан зүйл юм.


Цэцэгсийн хүрээлэн - Кёкенхоф, Нидерланд

Кёкенхоф бол талбай дүүрэн ургасан алтан зул цэцгээрээ дэлхийд алдартай парк билээ. Паркийн 32 га талбайд 100 гаруй төрлийн алтан зул ургадаг байна. Түүнчлэн голт бор, сарнай, сараана, цахирмаа цэцгүүд ч энд бий. Жил бүрийн хавар энэ паркад 800 гаруй мянган жуулчид ирдэг. Алтан зул цэцгийн “ аашнаас “ болж парк 3 сараас 5 сар хүртэл л ажилладаг аж. 4-р сарын сүүлчээр алдарт “ Цэцгийн парад “ болдог.


Франциско Альварадогийн парк, Коста-Рика

Энэ парк бол ургамлын дизайны жинхэнэ гайхамшиг юм. Харгуй замаар алхангаа амьд кипарис модоор хийсэн заан, сармагчин гээд л олон янзын амьтдыг харж болно. Паркийн хамгийн гол үзмэр нь үлгэрийн лабиринт юм. Үзэгчдийн дээгүүр эцэс төгсгөлгүй ногоон дээвэр үргэлжилж, хөл дор хачин сонин өвс ургамал сүлжилдэн, замд тоогүй олон гэнэтийн учрал тохиолдоно. Ногоон хөвдөөр бүрхэгдсэн чулуун биетэй, нойрсож буй аварга эмэгтэйг харвал та яах вэ?


Джуронгийн шувууны парк, Сингапур

Энд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шувууд бий. Гэхдээ шувууд эрх чөлөөтэй амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрнө, учир нь энд ямар ч тор, чингэлэг байхгүй. Жигүүртний бүлэг болгонд тохирсон амьдралын орчныг нь бүрдүүлж өгсөн байдаг. Жишээ нь, пингвинүүдэд зориулсан хөргөх систем байдаг бол фламинго тогоруунд том гэгч усан сан бий. Зочид тоть шувуудын хэсэгт ирэх их дуртай бөгөөд энэ ухаалаг, хурц өнгөтэй шувууд 110 гаруй нэр төрлөөрөө байдаг гэнэ. Бас орон орны 1500 гаруй шувуудыг цуглуулсан усан сан туйлын сонирхолтой павильон гэнэ.


Одойчуудын хаант улс, Хятад

Яг үнэндээ энэ бол парк биш, одой хүмүүс амьдардаг тосгон юм. Энд өөрийн гэсэн сургууль, эмнэлэг, дэлгүүр хоршоо бүгд бий. Үе үе одойчууд тосгоны хаалгаа нээж, үлгэр домогт гардаг маягаар хувцаслан, сонирхогчдыг дагуулж гэр орноо үзүүлдэг гэнэ. Байшингууд нь маш өвөрмөгц, мөөгөн эсвэл модны хэлбэртэй аж. Гэхдээ ёс суртахууны хувьд ийм үзмэр европчуудад  / зарим хятадуудад ч гэсэн / огт таалагддаггүй байна.Харин нилээдгүй ашиг олдог орлогын эх үүсвэрээсээ салахыг эрх баригчид төдий л яарахгүй байгаа бололтой.


Шатрын парк, Япон

Осака хотын нэгэн сувгийн эрэгт шатрын парк байгуулагджээ. Эндэхийн зам харгуй, сандал ширээ, хүүхдийн тоглоом гээд л бүх юм шатрын сэдэвтэй. Паркийн хаанаас нь ч гэсэн шатар даамны хөлөг, дүрсүүдийг олж тоглож болно. Энэ газар жуулчид нэг их ирдэггүй ч япончууд өөрсдөө маш дуртай, үр хүүхдээ дагуулан ирж хөлөгт тоглоомоор нааддаг байна. Онцлог нь, бүх объектийг хямд төсөр, байгальд ээлтэй, биед хоргүй шахмал үртэс, картон цаас зэрэг материалаар хийжээ.  Энэ бол амралтын тавлаг орчныг хялбар бүрдүүлэх сайн жишээ шүү!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ер бусын сонирхолтой 10 парк
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/19
    сайхан мэдээлэл бна баярлалаа

    0 0 Хариу бичих
  • dagdan 2014/03/25
    DAHIAD NEMEED NIITLEED BGARAI

    0 0 Хариу бичих
  • 564 2014/03/24
    сайхан зүйл нийтэлсэн байна. сэтгэлийн их таашаал авлаа. танай сайтын хамт олонд ажлын амжилт,,,,,,,,,,,,,,,,,,,

    6 0 Хариу бичих
  • tseegii 2014/03/19
    yamar goy yum be, eniig uzsen chin delhiiger neg aylamar sanagdchihla :)

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох