Б.Энхбат бодибилдинг, фитнессийн спортын дэлхийн аваргын цомыг хүртлээ

Өмнөд Африкийн Жоханнэссбүрг хотод бодиболдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах “IFBB Arnold Classic Africa” тэмцээн энэ сарын 17-19-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрллөө.

Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос дэлхийн дэвжээнд Монголоо төлөөлүүлэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин оролцуулснаас “Mister Fitness” төрөлд манай залуу тамирчин Б.Энхбат дэлхийн аваргын цомын эзэн боллоо.

Том зорилго, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хүний бие махбодийг хэрхэн эрүүл сайхан хөгжүүлж болдгийн гайхамшгийг дэлхийд харуулж, алтан медалийн эзэн болсон тамирчин маань маргааш эх орондоо ирэх аж.

Бүсгүйчүүдээ төлөөлөн оролцсон эмэгтэй тамирчин ч чамлахааргүй амжилт гаргасан гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Бодибилдинг, фитнессийн спортын дэлхийн шилдгүүд, вип тамирчид оролцдог энэхүү IFBB Arnold Classic тэмцээнээс ийнхүү 28-хан настай монгол хүү Дэлхийн шинэ аварга болон мэндэлж, төрийн дууллаа тив, дэлхийд эгшиглүүллээ.