Зарим сургууль, цэцэрлэгт шаардлагатай засварын санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгана

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг даваа гарагт Булган, Орхон аймагт ажиллалаа.   

Дээрх аймгуудын боловсрол, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай хийсэн уулзалтаараа салбарын яамнаас баримталж буй бодлого, зорилт, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Багш, сурагчдын ачааллыг бууруулах зорилготой удаа дараагийн хэлэлцүүлэг, судлагааны үр дүнг танилцуулж, сургалцахуйн зорилт, зарим багшийн ажлын цаг, гэрийн даалгаврыг багасгах замаар ирэх есдүгээр сарын 1 гэхэд мэдэгдэхүйц үр дүнд хүрнэ гэв. Мөн Монголын багш нарын VII их хурлын шийдвэр, уриалгын агуулга, соёлын салбарт хийгдэж буй бүх нийтийг соён гэгээрүүлэх ажлууд, спортын салбарт шинээр батлагдан гарсан тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, уулзалтад оролцогчдын асуултад хариулав.       

Зарим сургууль, цэцэрлэг, театрын үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай засвар, өргөтгөлийн санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт суулгахаар боллоо. Мөн 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй зарим барилга байгууламжийн ажлын явцыг газар дээр нь үзэж шалгалаа. Булган аймгийн хувьд 2018-2019 онд шилжин хэрэгжиж буй 2 барилгын ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгаа бол Орхон аймагт тус салбарын 6 ажил үргэлжилж байна. 

Сайдтай хамт БСШУСЯ-ны газрын дарга С.Нансалмаа, Т.Ням-Очир, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн нар ажиллаж байна. Өнөөдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад үргэлжлүүлэн ажиллана.