Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн цэргийн байгууллагад ажиллагсдын гэр бүлд хүндэтгэл үзүүлэв

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ, Батлан хамгаалах яам хамтран өнөөдөр /2019.05.31/ Улаанбаатар хотноо төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе үеийн алба хаагчид, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх “Монгол улсын төлөө зүтгэе” анхдугаар арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд оролцов.

Тэрээр “Эх орноо хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах нэн хариуцлагатай албанд зүтгэж байгаа олон арван албан хаагчдын амжилтын ард бат найдвартай гэр бүл нь байдгийг Та бид сайн мэднэ.

Та бүхэн цэрэг, цагдаагийн албан хаагчтай нэгэн насныхаа амьдралыг холбон гэр бүл болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ар гэрийнхээ ачааны хүндийг үүрч яваа эгэл жирийн эмэгтэйчүүд, эх орноо батлан хамгаалагчдын бат найдвартай ар тал, энх цагийн эх орончид юм.

Эх хүн, эмэгтэй хүний энэрэл хайр, эрхэмсэг, соёлч, гярхай, нягт нямбай зан төлөв, цэргийн хуарангийн хууль дүрэм, хатуу хөтүү амьдрал ахуйд хүмүүнлэг, энэрэнгүйн илч гэгээг түгээж, цэрэг, цагдаа, аюулгүй байдлын ажил, албанд орчин цагийн соёлыг төлөвшүүлэх нэг чухал ундарга нь болдгийг онцлон тэмдэглэж байна” гэв.

Арга хэмжээнд нийт зургаан байгууллагын төлөөлөл болсон 755 гэр бүлийн 1500 гаруй хүн урилгаар оролцжээ. Эдгээрээс гурван үеэрээ төрийн цэргийн байгууллагад ажилласан гэр бүлүүдээс “шилдэг 9 эмэгтэй”-г шалгаруулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагнал гардуулав.

Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад ажиллагсдын нийт 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Энэ нь Ази тивдээ нэгдүгээрт бичигддэг байна.