МЭДЭЭ НЭМЭХ  

Жанна д’Арк: тариачин уу, гүнж үү?

  • 5,496 уншсан
  • 3
  • 2014/12/23

Уг нь түүхийн шинжлэх ухаан тодорхой баримт нотолгоотой үйл явдал дээр тулгуурлан хөгжих учиртай ч заримдаа тодорхой эрх мэдэлтнүүдийн заавраар аль нэг бүлгийн эрх ашигт нийцүүлэн түүхийг өөрчлөх явдал хэзээнээс байсаар иржээ.

Дунд сургуульд Францын үндэсний баатар эмэгтэй Жанна д’Арк гээд л заадаг байсан сан. Англи Францын 100 жилийн дайны хамгийн эгзэгтэй үе буюу 1429 онд Английн булаан эзлэгчид ар араас нь ялалт байгуулж, тэднийг зогсоох ямар ч хүч байхгүй мэт санагдаж байлаа. Гэтэл жирийн тариачин бүсгүй төрөлх тосгоноо орхин гарч Луврт хүрээд угсаа залгамжлах хан хүүд бараалхах зөвшөөрөл хүсчээ. Хунтайж түүнийг хүлээн аваад зогсохгүй шилдэг рыцаруудаас бүрдсэн баг цэргийг удирдан бүслэлтэнд байгаа Орлеаныг чөлөөлөх нэр хүндтэй даалгаврыг өгсөн байна. Энэ нь ард түмний дунд ам дамжин яригддаг: «Балт сүхээр зэвсэглэсэн онгон бүсгүй бүгдийг аврах цаг ирнэ» гэсэн шидтэн Мерлиний зөгнөлтэй яв цав нийцэж байсныг хэлэх үү! Үнэхээр Орлеаны бүсгүйд итгэх итгэл нь франц цэргүүдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж 100 жилийн дайны явцыг эргүүлсэн гайхамшигт ялалтууд гарч эхэлжээ. Харин дараа нь Жанна урван тэрслэгчийн балгаар англичуудад олзлогдож, инквизицийн шүүх түүнийг “шулам” хэмээн галд шатаан тамлаж алсан билээ. Энэ явдлаас хойш 100 жилийн дараа католик шашин түүнийг цагаатгаж “гэгээн” хэмээн өргөмжилсөн байна. Ингэж Жанна шашны шүүхээр шийтгэгдсэн цорын ганц “гэгээн”  болжээ.

Тариачин илд барьдаггүй

Дээр өгүүсэн дотор эргэлзээ төрүүлэх юм олон бий. Юуны өмнө, жирийн тариачин бүсгүй яаж угсаа залгамжлах хунтайжтай уулзаж чадав? Уулзаж чаджээ гэхэд бүдүүлэг харанхуй, цэрэг арми удирдах ямар ч чадваргүй түүнийг шууд жанжнаар томилсон нь бүр гайхалтай. Тэр цагийн хүмүүс мэргэ төлгөнд одоогийнхоос хамаагүй илүү итгэдэг байсан нь үнэн. Гэхдээ л нийгмийн зиндаа, давхаргын ялгаа дэндүү их байсан шүү дээ. Хаантан харц ардтай харьцаж, түүнийг ордны шадруудын нэг болгоно гэдэг нь санаанд багтамгүй зүйл. Хэрэв тэр ид шидтэн байгаад үхэж буй нэгнийг эдгээж үзүүлээгүй л бол...

Жанна ер бусын чадвартай байсан нь маргаангүй үнэн. Түүний үеийнхэн энэ тухай хангалттай олон баримт үлдээсэн байдаг. Тэр гипноз хийж чаддаг байсан. Түүний дуу хоолой цэргүүдэд гайхалтай нөлөөлж, тэд хүч тэнцвэргүй тулаанд амь хайргүй дайран орж, үхэн үхтлээ тулалддаг байлаа. Бас Жанна далдыг хардаг байв. Тэр хүүхэд байхаасаа л заавар зөвлөгөө өгч, түүнийг удирдан, ирээдүйг зөгнөн хэлдэг нууцлаг дуу хоолойг сонсдог байжээ. Тэдний заавраар Жанна тулаанд орж ялдаг байв. Жишээ нь, Потэгийн дэргэд болсон тулалдаанд 5000 англи цэргийн эсрэг 1500-хан  францчууд тулалдан 2500 гаруйг нь устгаж бусдыг нь олзолж байжээ. Харин францчууд ердөө 10 хүнээ алдсан гэдэг. Энэ тоо хичнээн хэтрүүлэгтэй байсан ч энэ ялалтыг гайхамшиг гэж нэрлэхээс өөр аргагүй юм.

Жанна д’Арк өөрийн увидсаа ашиглаж хан хүүгийн итгэлийг олж авсан байх магадлалтай. Гэхдээ хамгийн хүчирхэг зөн билэгтэн байгаад ч олон жилийн дадлага туршлагагүй бол морин дээр сэлэм жадаар гарамгай тулалдах нь юу л бол! Харин гартаа хадуур, тармуурнаас өөр юм барьж үзээгүй «жирийн тариачин бүсгүй» Жанна байлдааны сүх, илдийг төгс эзэмшсэн байсан гэдэг. Хуяг дуулга өмсөж, морь унасан бүсгүй жинхэнэ рыцарь байжээ. Тэр ч байтугай Жанна рыцаруудын сорилгонд оролцож ялалт байгуулж байсан баримт бий. Тэрээр байлдааны урлаг, стратег, тактик, бусад шинжлэх ухааны талаар ч багагүй мэдлэгтэй байв. Түүний дэргэд маршал Жиль де Рэ зэрэг алдартай жанжнууд байсан ч эцсийн шийдийг Жанна л гаргадаг байв. Энэ мэтээр Жанна д’Аркийн тариачин гарлыг үгүйсгэх баримт олон бий. Бас түүний овгийн д’ гэсэн угтвар их анхаарал татна. Тэр цагт язгууртан гаралтай францчууд л овог нэрэндээ ийм угтвар хэрэглэдэг байв. Испанчууд-дон, ирландчууд-мак, голландчууд- ван гэдэг шиг.


Орлон тоглогч

Жанна бол Орлеаны герцог Людовик болон Францын хатан хаан Изабелла Баварская хоёрын нууц хүүхэд гэсэн хувилбар байдаг. Тэр үеийн хаан VI Карл үе үе ухаан самуурах өвчтэй болсноос тэдний гэрлэлт ёс төдий л зүйл болон хувирчээ. Гэхдээ Карл хаан ухаан саруул үедээ ч хатнаа нэг нүдээр үзэхээ больж Нормандын тайжийн охин Одетта де Шамдивертай ил тод амьдрах болжээ. Изабелла хатан ч мөчөөгөө өгсөнгүй Орлеаны Луиг амрагаа болгосон байна. Хожим угсаа залгамжилж авсан VII Карл ч Орлеаны герцогийн хүү байх магадлал өндөртэй. VII Карлыг Францын хааны хүүхэд хэмээн зүтгүүлж болж байсан ч, Жаннагийн хувьд яах ч аргагүй байлаа. Түүнийг төрөх үед хаан хатан хоёр ойртож хавьтахыг огт больсон байжээ. Гэсэн ч хатан өөр хүнээс хүүхэд төрүүлэхийг хаан хэзээ ч өршөөхгүй байлаа.

Иймд Жаннаг төрмөгц маш нууцаар Домреми тосгон руу явуулж Жак д’Арк, түүний эхнэр хоёрын гарт өгчээ. Жак д’Арк бол эртний удамт рыцарийн үр хойч байлаа. Тэрээр Домреми тосгоны ахлагч, газрын эзэн, жилийн орлого нь 5000 алтан франк байжээ. Ийм л «ядуу тариачны» гэрт Жанна өсөж хүмүүжсэн байна. Өргөмөл эцэг нь түүнийг өөрийн уламжлалаар эрэгтэй хүүхэд шиг хүмүүжүүлсэн байх. Өөрөөр хэлбэл цэргийн сургууль маш их хийлгэж байжээ. Жанна насанд хүрэхдээ илд жадыг гайхалтай сайн эзэмшиж, морь унаж сурсан байлаа. Ер нь тухайн үедээ маш сайн боловсрол эзэмшжээ. Хожим нь, түүний дорд угсаатанд баймгүй зөв цэгцтэй яриаг олон хүн гайхан дурдсан байдаг.

Иймээс Жанна өөрийн ах Францын угсаа залгамжлах хунтайжтай төвөггүй уулзаж, дараачийн бүх үйл явдал нь сайтар бодож төлөвлөсөн нууц ажиллагаа байсан болж таарлаа. Энэ ажиллагаа амжилттай болж англичууд бут цохигдон, VII Карл хаан ширээнд заларчээ. Харин үүний дараа гүнж хэрэггүйгээр үл барам аюултай болж ирэх нь тэр. Эзэн хааны өрсөлдөгчдийн нэг нь “жаахан хэрэгт дурлах” юм бол түүний хууль бус эзэн гэдэг нь илрэх болно. Иймээс VII Карл болон түүнийг тойрон хүрээлэгчид Жаннаг англичуудын гарт өгөхийг илүүд үзсэн юм.

Гэхдээ Орлеаны бүсгүйн оронд өөр эмэгтэй галд өртсөн, Жанна эсэн мэнд үлдэж, сурвалжит язгууртантай гэрлээд үр хүүхэд төрүүлсэн гэдэг хувилбар ч бий. Хэн мэдлээ...

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Жанна д’Арк: тариачин уу, гүнж үү?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/19
    Sain baitsgaana uu? mongo hiih arga uneheer baina.enehuu linkeer orood..http://TheWeeklyJob.com.?id=323969 burguulwel ehleed 25$, daraa ni oort chini ogogdson linkiig busad humuus ruu taraasan tohioldold taraasan hunuu toogoor 10$ .niit 300$-s bolwol tsalingaa westron union,Money gram zereg uilchilgeegeer awdiin baina za amjilt.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/24
    Жанна Д' Арк бусдын толгойг эргүүлэхдээ мэргэжлийн байсан гэдэг. Тэр үедээ л Элбэгдорж гэсэн үг.

    3 2 Хариу бичих
  • Зочин 2014/12/24
    Sonirholtoi l yum bna

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох