ДАШТ–ээс манай тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна. Өчигдөр Монголын гурван бөх барилдсанаас дэлхийн дэд аварга, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Наранцэцэг нар тэмцээнээ дуусгалаа.

ДАШТ-ий алт, мөнгөн медальт М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын бөх М.Клементтэй хүч сорив. М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэгийг ялсан ч хагас шигшээд дэлхийн аварга, Украины Дария Белодидэд дийлдсэн.

Харин М.Клемент дагах тойрогт олимпын алт, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Аргентины Паула Паретог өвдөг шороодуулсан юм.

М.Уранцэцэг М.Клементийг цэвэр ялж ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны, гурван медальтай хоёр дахь жүдоч боллоо.

Эх сурвалж: Eagle.mn