Шийдэх зүйл нь тоо биш тогтолцоо

     Маргааны математик

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх явц МАН-ын бүлгийн дотоод зөрчилдөөнөөс улбаалан ирц бүрдэхгүй гэх шалтгаанаар гацсаар байна. Маргааны бай нь УИХ-ын гишүүдийн тоо болжээ. 99 гишүүнтэй байх, 108 эсвэл 76 гишүүн хэвээрээ гэх маргаанаас болоод хуралдаа суухгүй байгаа юм байх.

Бодит байдал дээр энэ нь уул уурхайд хяналтаа тогтоосон, стратегийн хувьд сайтар байршиж, монголын улс төрийг далдаас удирдах чадавхийг олсон олигархи цөөнхийн төрд тогтоосон хяналт, эрх мэдлээ алдахгүйн төлөөх сүүлчийн явуулга юм. Учир нь 76 суудалтай монголын парламент бол бага оврын гэдэг ангилалд ордог юм. Чуулганы хуралдаан хүчинтэй болох ирц нь 39 гишүүн. Шийдвэр гаргахад шаардлагатай санал нь 20. Энд л олигархиудын хяналтын хүч оршиж байгаа юм. 20 хүнийг баясгах, худалдаж авах нь олигархиудад үдийн будаа төдий.

Иргэд өнгөц дүгнэлт гаргаж гишүүдийн тоо олон болохоор УИХ улам чадамжгүй болж, зардал өсөх тухай ярьж байгаа нь энгийн логикийг олж хараагүйнх! Эсрэгээрээ гишүүдийн тоо олон болвол гадны нөлөөлөл алга болж, шийдвэр гаргалт сайжирснаар төсөв үр дүнтэй зарцуулах, зардал хэмнэх талтай. Юмс харагдаж, сонсогдож байгаа шигээ байдаггүй нь олонтаа.

Бага оврын парламентын ирцийн хүчинтэй байх тоо, шийдвэр гаргахад шаардагдах саналын тоо бага байдаг нь Үндэсний эрх ашигтай хамааралтай чухал шийдвэрүүдэд гадны нөлөөлөл орох магадлалыг ихэсгэдэг эрсдэлт хүчин зүйл билээ. Тийм учраас 76 биш түүнээс олон байлгах зүй ёсны шаардлага урган гарч байгаа болно. Нөгөө талдаа тойргийн сонгогчдын тоо жигд бус байгаа гажуудлыг арилгахад суудлын тоог олшруулах нь нэмэртэй байх ёстой.

Чингэлтэй - Налайх дүүргийн 63-р тойрог 45,312 сонгогчтой (дунджаас 19,139 сонгогчоор их) байхад Хэнтий аймгийн 41-р тойрог 14,867 сонгогчтой (дунджаас 11,306 сонгогчоор бага) байгаа нь бараг 4 дахин зөрүүтэй байна. Энэ нь сонгууль тэгш бус явагдах, төлөөлөл жигд бус байх нөхцлийг үүсгэдэг нь тодорхой.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар СЕХ нийтдээ 1 сая 912 мянга 901 сонгогчийг бүртгэж байжээ. Энэ тоо одоо 2 сая гарсан байх учиртай. Хэрвээ 99 гишүүн сонгох болбол нэг тойрогт дунджаар 20 мянга орчим сонгогчтой байхаар тойргийн хуваарилалт хийж жигдлэх боломж үүсэх юм. 2016 оны УИХ сонгуулийн хуулиар 50 тойргийн сонгогчийн тоо улсын дунджаас 15-аас дээш хувиар хэтэрсэн байжээ. Тойргуудын хүн амын тоо харилцан адилгүй байгаа нь Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгуулгаас гаргасан 1990 оны Копенхагений баримт бичгийн 7.3 дахь зүйл - Иргэн бүр сонгуулийн тэгш эрхтэй, төлөөлөлтэй байх зарчим, мөн олон улсын бусад гэрээгээр хүлээсэн үүрэг, хэм хэмжээтэй нийцэхгүй байгаа юм.

      Асуудал тоондоо биш

Хэвлэлийн мэдээлснээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар ирээгүйгээс гадна УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд чуулганд оролцохгүй байгаагаас ирц бүрдэхгүй тасалдаж байна гэнэ. МАН-ын бүлэг дотор Л.Элдэв-очир, Ч.Хүрэлбаатар нар оройлон 20 гишүүдийг олонхийн эсрэг турхирч байгаа гэнэ. Энэ бүхний цаана ердөө л уул уурхайн баялагт хяналтаа тогтоосон олигархи цөөнхийн явуулга л байгаа юм. Тэд УИХ-д шургалуулсан гар хөлөөрөө дамжуулан хяналтаа барьж байхыг хүсэж байна. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдчихвал төрд, улс төрд тогтоосон тэдний хяналт үндсэндээ нуран унах юм. Тэдэнд таалагдахгүй маш олон зүйл, заалт байгаа. Гэвч үүнийг шууд хэлж, эсэргүүцвэл олон нийт санаархлыг нь шууд мэдчих учраас гишүүдийн тоо мэт ач холбогдолгүй мэт асуудлаар барьцуулан гацаах, унагах мэхийг хийж байна.

Л.Элдэв-Очир өнгөлөн далдлалт хийх зорилгоор хоёр нүүрт ярилцлага хэвлэлд өгч байна.  Өөрөө турхирч, өдөөж гацаачихаад араас нь “Зориуд зохион байгуулалттай ирц бүрдүүлэхгүй байгаа зүйл байх шиг байна. Ер нь бол хууль батлах бол гишүүдийн үндсэн үүрэг. Ямар ч бодол, саналтай байсан чуулганы танхимд орж, хэлэлцэж байгаа асуудлуудын хүрээнд яриад, саналаа өгөөд явах ёстой” хэмээн новширч сууна.

Түүний хэлсэн үгэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг унагах дараагийн мэх нь байгаа нь “Миний хувьд ард нийтийн санал асуулгыг заавал явуулах ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа” гэх үг. Энэ бол ерөөс өөрчлөлт хийлгэхгүй гэсэн санаанаас өөр юу ч биш. Наад зах нь 20 тэрбум төгрөгөөр хэмжигдэх хохирлын тухай тэр ярьж байна.

Л.Элдэв-Очир “76 гэдэг бол одоо ч ойрын ирээдүйд ч хангалттай. Тоо бодох юм бол БНХАУ гэхэд 3000 ардын их хурлын төлөөлөгчтэй, хүн амын тоондоо тааруулж төлөөлөгчтэй болно гэвэл зургаан сая орчим төлөөлөгчтэй болох болчихоод байна” гэх зэргээр үндсэн асуудлаас хөндийрүүлж, тоогоор хөөцөлдүүлэх санаархлаа ил хэлжээ. Харьцуулж болдог юм гэж байна, болохгүй юм бас зөндөө. БНХАУ бол хуурмаг парламентын тогтцолцоотой, авторитар дэглэмтэй улс юм. Үүнийг ардчилсан сонгуулиар бүрддэг парламенттай харьцуулах нь зориудын гуйвуулга. Энэ хүний цаана байгаа олигарх бүлэглэлд 20 орчим гишүүнийг жолоодож суух нь амар байгаа учраас л түүний амаар хэлүүлж байгаа.

“Монгол Улс тусгаар тогтносон улс байх ёстой бол сонгуулийн мажоритор тогтолцоогоор ард түмэн гишүүдээ шууд сонгодог байх ёстой гэдэг байр суурин дээр би хатуу байдаг. ... жижиг мажоритар Монголд тохирно” гэх түүний үг үндсэн далд санаархлыг нь илчилжээ. Сонгуулийн тогтолцоо нь тусгаар тогтнолтой шууд хамааралтай зүйл биш гэдгийг порпорциональ тогтолцоотой үй олон тусгаар улсын жишээ харуулна.

  Шийдэх зүйл нь тоо биш

Тэгэхээр УИХ-ын гишүүд тоогоор хөөцөлдөхөөсөө илүүтэй тогтолцоог зөв болгох шийдлийг эхэлж ярих ёстой юм.

Жижиг мажоритар тогтолцоо нь улсын төсвийн гуравны хоёрыг хөдөөд зарцуулдаг үрэлгэн байдлыг үүсгэсэн. Нийт төсвийн дийлэнхийг авдаг хирнээ хөдөө нь бахь байдгаараа үлдэж байгаа нь цаашид ингэж болохгүйг харуулж байгаа том дохио.

Парламентын суудлын тоо хэд байхаас хамаарахгүйгээр тавь тавин хувьтайгаар холимог тогтолцоог (мажоритар, порпорциональ) ашиглабал бүх асуудлыг сум, жалга дов руу нааж жижигрэхгүй, бас орон нутгийн асуудлыг орхигдуулахгүй жигд хангаад явах нөхцлийг бүрдүүлэх зохистой шийдэл байх нь өнгөрсөн жилүүдийн сургамж болон ирж байна. 76 жижиг тойрогт хэвээр барих нь олигархиудын гар хөл болсон улс төрчид хэмсэг жоохон газрыг өмчилж байгаад байнга сонгогдчихно гэх дэмий найдлагад тулгуурлаж  байгаа. Цаад “эздэд” нь бол жижгээр хуваах тусам захирахад, хянахад амар гэдэг логик байгаа.

Олон нийт, сонгогчид тооны талаарх жижиг маргаанд бус мөн чанарт анхаарлаа хандуулахгүй бол бид чөтгөрийн тойргоосоо сугаран гарах магадлал эрс буур байна.

Судалдаггүй Ч.Ганхуяг