Б.Бат-Эрдэнэ: НҮБ-аас цэргийн зардалд олгосон төлбөрийн 70 хувийг цэргийн алба хаагч авдаг

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос, олон улсын ажиллагаанд буюу Ирак, Афганистанд 2003 оноос эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа. Түүнчлэн одоогийн байдлаар 1300 орчим цэргийн алба хаагчид БНӨСУ, Баруун Сахар, Конго, Абэй мужид явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.

Цэнхэр дуулгатнууд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нэг жил, олон улсын ажиллагаанд зургаан сарын хугацаатай үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл тэд ажиллагааны газар оронд ямар үүрэг гүйцэтгэдэг, хэдий хэрийн цалин урамшуулал авдаг талаар тодруулахаар ЗХЖШ-ын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа.

-Манай алба хаагчид ажиллагааны газар оронд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

-БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын батальон өөрийнхөө хариуцлагын бүс Хойд секторт НҮБ-аас тавигддаг үндсэн үүрэг болох эргүүл, цувааны хамгаалалт, дотоодын дүрвэгсдийн болон НҮБ-ын баазын хамгаалалт зэрэг үүргийг гүйцэтгэж байна.

Харин Афганистанд бол бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах, баазын хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг.

-Энхийг дэмжих ажиллагааны талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл тааруу. Тухайлбал, энхийг дэмжих ажиллагаанд оролцохыг хүссэн хүн бүр явж болно, маш их хэмжээний цалин авдаг, цалингаас нь өндөр татвар авдаг гэдэг. Энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөч?

-Ер нь олон нийтийн дунд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүн цалин авдаг, тэр цалингаас нь татвар авдаг гэх мэтийн яриа явагдаж байгаа талаар дуулсан. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг  гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнд НҮБ-аас ямар нэгэн цалин олгодоггүй.

-Тэгвэл хаанаас цалинжуулдаг вэ?

-Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ биелүүлж даян дэлхийн энх тайван аюулгүй байдлын төлөө зэвсэгт хүчнийхээ цэргийн алба хаагчдаа энхийг  ажиллагаанд оролцуулж байгаа. НҮБ болон энхийг сахиулах ажиллагаанд цэрэг оролцуулж буй улс харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж түүний дагуу НҮБ-аас нөхөн төлбөр өгдөг. Нэг үгээр хэлбэл НҮБ-аас тухайн цэргийн алба хаагчдад ямар нэгэн цалин олгодоггүй. Зөвхөн улс оронд нь өгдөг гэсэн үг.

-Тэгэхээр үүрэг гүйцэтгэсэн цалин биш юм байна. Харин тухайн оронд ямар нөхөн төлбөр олгодог вэ?

-Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу олгож буй нөхөн төлбөр гурван хэсгээс бүрддэг. Тодруулбал, нэгдүгээрт, үндсэн зэвсэглэл, техник тоног төхөөрөмж буюу ажиллагааны газар оронд ашиглагдаж буй зэвсэглэл, хуягт тээвэрлэгч, ачааны болон суудлын автомашинд олгодог. Хоёрдугаарт, бие даан зохион байгуулж буй хангалт үйлчилгээ буюу бие бүрэлдэхүүнд үзүүлж буй эмнэлгийн, хүнсний хангалт, хооллолт, угаалга цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлсэн төлбөр. Гуравдугаарт, цэргийн зардал буюу үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулах, сургаж бэлтгэх үүрэг гүйцэтгэлтийн үед олгосон үндсэн цалингийн нөхөн төлбөр багтдаг.

-Хэдий хэрийн төлбөр өгдөг вэ?

-Үндсэн төрлийн зэвсэглэл техникийн нөхөн төлбөр тухайн техникийн  зориулалт, ангилал, төрлөөсөө шалтгаалан өөр байдаг. Бие даан зохион байгуулж буй хангалт үйлчилгээний төлбөр мөн үйлчилгээний төрлөөсөө шалтгаалан харилцан адилгүй байна. Ингэхдээ үйлчилгээ үзүүлсэн бие бүрэлдэхүүний тоогоор тооцдог. НҮБ цэргийн зардлын нөхөн төлбөрийг Монгол Улсын нэг цэргийн алба хаагчид нэг сард 1428 ам.доллар тооцож олгодог.

Монгол Улс НҮБ-аас цэргийн зардалд олгосон нөхөн төлбөрийн 70 хувийг тухайн цэргийн алба хаагчдад өгдөг. Зарим хүн хэн нэг цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр НҮБ-аас олгодог цалингийнх  нь 30 хувийг Засгийн газар татварт авчихдаг гэсэн ойлголттой байна. Энэ бол ташаа мэдээлэл. Харин Монгол Улсын Засгийн газар НҮБ-аас олгодог цэргийн зардлын 30 хувийг алба хаагчдад олгодог.

-Олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад хаанаас нөхөн төлбөр олгодог вэ?

-Олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсний төлөө ямар нэг байгууллагаас нөхөн төлбөр олгодоггүй. Тухайлбал, Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэнтэй дүйцэх нөхөн төлбөр Засгийн газраас олгодог.

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцохдоо бусдыгаа манлайлж гавьяа байгуулсан 100 алба хаагчид мөнгөн урамшуулал олгодог гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Цэргийн алба хаагчид Энхийг дэмжих ажиллагаанд зургаан сарын хугацаанд үүрэг гүйцэтгэснийх нь төлөө НҮБ-аас “Энхийн төлөө” медалиар шагнадаг. Ямар нэгэн мөнгөн урамшуулал байдаггүй.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг оролцуулж буй улсуудад олгодог нөхөн төлбөрийн хэмжээг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталдаг.  2017 оныг хүртэл цэргийн зардал нэг цэргийн алба хаагчид сард 1028 ам.доллар байсан. Мөн үүн дээр тусгай мэргэжилтний нэмэгдэл 303 ам.долларыг мотобуудлагын салбарын бие бүрэлдэхүүний 10 хувьд, тусгай мэргэжлийн салбарын бие бүрэлдэхүүний 25 хувьд олгодог байсан. 2017 оноос  цэргийн зардал 1428 ам.доллар болж нэмэгдсэн ч тусгай мэргэжилтний нэмэгдлийг хассан. Өдгөө бүх цэргийн алба хаагч нар дээр дурдсан журмаар ижил хэмжээний нөхөн төлбөр авдаг.

 Т.Болор-Эрдэнэ