Шахмал түлшнээс хүний биед сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй элемент илрээгүй

Сайжруулсан түлшний асуудлаар Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр шахмал түлш болон түүний үнс, барьцалдуулагчид хийсэн Шинжлэх ухааны академийн Хими технологийн лабораторийн шинжилгээний хариуг танилцуулав. Ингэхэд “Шахмал түлш болон түүний үнс, барьцалдуулагчаас хүний биед сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй элемент илрээгүй”  гэсэн шинжилгээний хариу ирсэн талаар МХЕГ-аас танилцууллаа. Түүнчлэн шахмал түлшний барьцалдуулагчийн 19 хувь нь усанд уусамтгай байсан гэдгийг хэлэв. Тиймээс иргэд хэрэглээн дээрээ анхаарахыг уриалав.

Шахмал түлшний савлалт жин хэмжээтэй холбоотой асуудлаар МХЕГ өнөөдрөөс шалгалт явуулах юм байна. Одоогоор тус газарт шахмал түлшний жин хэмжээндээ хүрэхгүй байна гэсэн гомдол ирээгүй байгааг хэлсэн юм.  

Мөн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас агаарын чанарын мэдээллийг хүргэв. Нийслэлд Зурагт, Толгойт, Нисэх, Амгалан гэсэн таван газар суурин харуул байрладаг. Эдгээр харуулд заасан дундаж мэдээллээс нийслэлийн  агаарын чанарын үзүүлэлт өнгөрсөн жилийн мөн үеэс бага байгаа гэнэ. Цаг агаарын тухайд дулаан байгааг ч танилцууллаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд аравдугаар сарын 7-13-нд агаарын дундаж температур нэмэх хоёр градус дулаан байжээ. Тэгвэл энэ оны дээрох хугацаанд агаарын дундаж температур 0  градус байгаа аж.