МЭДЭЭ НЭМЭХ  

Аугаа их гүрний бэлгэдэл болсон Колизей

  • 5,453 уншсан
  • 2
  • 2015/01/16

Колизейг Италийн нийслэл Ром хотын нэрийн хуудас гэж хэлж болно. Энэхүү гоёмсог сүрлэг байгууламж бараг 2000 жилийн турш хотын гоо үзэмжинд өөрийн гэсэн өнгө төрхийг нэмсээр иржээ. Харин ганцхан "но" байдаг нь: “Мөнхийн хот”-ын бэлгэ тэмдэг, Ромын эзэнт гүрний бэлгэдэл болсон Колизей нь урьд “нядалгааны газар” байжээ. Хичнээн зэрлэг сонсогдож байвч энэ бол маргашгүй үнэн баримт билээ. 

Колизейг МЭ 72 онд Веспасиан Флавий хааны зарлигаар босгож эхэлсэн байна. Одоогийн Колизейн суурин дээр урьд Нерон хааны алтан байшинг чимэглэсэн хиймэл нуур байсан гэдэг. Нероны харшийг Веспасиан “улс төрийн шалтгаанаар” буулган хаяжээ. Жүүдийн дайнаар олзлогдсон зуун мянган боолуудыг Колизейн барилга дээр ажиллуулахаар Ром хотод авчирчээ.  Тэднийг хамгийн хүнд ажилд зүтгүүлж байв.

Ийм нүсэр том байгууламж барих санааг эзэн хаан египетийн пирамидуудаас олж авсан гэж зарим судлаачид үздэг. Пирамидын сүр жавхланг биширсэн Веспасиан хаан эх орондоо түүнтэй дүйцэх агуу зүйл босгохоор шийджээ. 80 онд Веспасиан Флавийн хүү Тит Колизейг дуусгаж нээсэн юм. Эхлээд "Флавийнхны амфитеатр" хэмээн нэрлэгдэж байв. Хожим нь сүр бадруулах дуртай ромчууд энэхүү аварга байгууламжийг Колизей гэж нэрлэх болжээ. (Латин хэлний “сolosseum” буюу  "асар том, үлэмж, аварга" гэсэн үг) Колизей бол үнэхээр агуу байгууламж байлаа. Түүний гадуурхи их тойрог нь 1 км 878 метр, доторхи тавцангийн тойрог нь 1.5 км, тавцангийн урт нь 85.75 метр, өргөн нь 53.62 метр, хананы өндөр 48-50  метр, 50 мянган үзэгч нэг дор цуглах суудалтай. Колизей 80 хаалгатай тул үзэгчид 15-хан минутын дотор суудлаа эзэлж, шаардлагатай үед тавхан минутын дотор шахалдаж, чихэлдэхгүйгээр Колизейг орхин гарах боломжтой байсан гэнэ.

Гэхдээ Колизей нь Ромчуудын босгосон анхны том байгууламж биш юм. Бидний үеийг хараахан хүрч чадаагүй нурсан Их Цирк гэж том барилга байжээ. Энэ нь 600 метрийн урттай асар том морин тойруулга байсан бөгөөд нэг дор 12 байлдааны тэрэг уралдаж, 300 мянган үзэгчид багтах  талбайтай байв. Ромын хаад бүгд энэхүү циркийг үзэмжээрээ засаж шинэчилж байжээ. Одоо тэр сүрлэг байгууламжаас мэдэгдэх төдий дугуйрсан замтай урт хөндий л үлдэж хоцорчээ. Харин италичууд энэ газрыг ихэд хямгадан шүтдэг бөгөөд, заримдаа энд том хэмжээний баяр ёслол хийдэг байна.

Одоо Колизей руугаа эргэн оръё. Энэ сүрлэг байгууламжийг янз бүрийн баяр ёслол тэмдэглэх, төрөл бүрийн үзүүлбэр үзүүлэхээр босгосон нь мэдээж. Веспасиан Флавий хаан төрийн бодлогонд сэтгэл дундуур байсан хотынхныг аргадахын тулд зориуд үүнийг босгосон ч гэж ярьцгаадаг. Колизейн тайз нь үзэгчдийн суудлаас металл тороор тусгаарлагдаж, модон шал нь элсээр хучигдсан байна. Энэ тайзан дор тэмцээнд оролцогчид орж гарах зориулалттай олон тооны гарц, төрөл бүрийн хэрэгсэл байна. Зарим үед тайзыг усаар дүүргэж үзэгчдэд жинхэнэ далайн тулаан үзүүлдэг байжээ. Үүний тулд ус сорох, дамжуулах, хадгалах бүхэл бүтэн систем ажилладаг байлаа. Үнэхээр гайхалтай байгууламж байсан юм шүү. Гэтэл одоо үлдсэн байгаа нь эртний гайхамшигт Колизейн ердөө 33% гэж эрдэмтэд тооцоолсон байдаг.


Энэ гайхамшигт тайзнаа ямар үзүүлбэр үзүүлж байсан юм бол?

Чухам эндээс л Колизейн нэр төр сэвтэж эхэлнэ. Учир нь, энд голдуу мэсчин боолуудын тулааныг үзүүлдэг байжээ. Боолчууд хоорондоо, эсвэл зэрлэг араатнуудтай үхтлээ тулалдана. Мөн араатан амьтад хэрхэн ан хийж байгааг бодитоор нь үзүүлдэг байсан аж.

Тухайн үедээ хангалттай дайн тулаан үзсэн ромчууд цуст үзэгдэлд эхэн үедээ огт сонирхолгүй байв. Тулааны талбарт үхлийг ханатал харж ирчихээд гэртээ ирээд бас л үхэл үзэх хүсэл хэнд л төрөв гэж. Гэвч II зуун дуусах үед хүмүүсийн сэтгэл зүй өөрчлөгдөж, үхлээр наадан зугаацах болжээ. 246 онд болсон Ромын 1000 жилийн ойгоор Колизейд 32 заан, 60 арслан, 40 зэрлэг адуу, түүнчлэн хандгай, тахь, бар, анааш, усны үхэр зэрэг бусад амьтад олноор алуулсан байна. Энэ тулаанд 2000 мэсчин боол оролцсон гэдэг.

Үхсэн араатан амьтдын тоо толгой хэнийг ч цочроож байсангүй. 93 онд Суллегийн хаанчлалын үед Колизейд 100 арслангийн тулаан болж байсан гэдэг. Харин Юлий Цезарь- 400, Помпей – 600 арслан “цааш харуулж” нэмээд 400 ирвэс, 20 заан устгасан байна. Энэ тоо цаашид улам л нэмэгдсээр байжээ. Ульпий Траяны (II зуун) ялалтаа тэмдэглэж зохион байгуулсан үзүүлбэрт төрөл бүрийн 11 000 амьтан хөнөөгдсөн гэдэг.

Мэсчин боолуудын хувьд байдал дээргүй байсан юм. Зөвхөн Траян хааны богинохон хаанчлалын үед гэхэд л 40 000 орчим хүн амиа алдаж байжээ. Эртний Ромчуудын итгэж байснаар мэсчин боолуудын тулаан нь үхэгсдийн сүнсийг тайтгаруулах ёстой байв.

"Үхэгсдийг хооллохын тулд бид амьдыг золиослодог" гэж Каракалла хаан III зууны үед мэсчин боолуудын тулааныг тодорхойлж байжээ.

Траян хааны үед Колизейн тайзнаа Ромын эзэнт гүрний буурал доройтлын “гол буруутан”  христосын шашинтнуудыг гаргах болжээ. Анхных нь Антиохийн епископ, гэгээн Игнатий Богоносец байлаа. Түүнийг зэрлэг арслангаар бариулжээ. Үүнээс хойш энэ талбайд олон ч христос шашинтнуудын цус урссан гэдэг.

438 онд Гонорий хаан мэсчин боолуудын тулаан зохиохыг хоригложээ. Колизей удаан боловч эргэлт буцалтгүйгээр уналтанд орж эхлэв. Сүүлчийн үзүүлбэр нь 523 онд Теодорих хааны үед зохиогдсон боловч хүмүүс оролцсонгүй, зөвхөн араатан амьтад л байжээ. Хүмүүсийн ёс жудаг ч өөр болж байлаа.

Ромчууд аажмаар шинэ христос шашныг шүтэх болсон тул цуст наадмаа үргэлжлүүлж чадахаа больжээ. 523 онд ард түмний эсэргүүцлийн дараа эрх баригчид араатан амьтдыг үзүүлбэрт оруулж устгахыг хориглосон байна. Энэ удаа христос шашинд “баярлалаа” гэж хэлэхээс өөр аргагүй.

VI зуунаас эхлэн Колизей орон гэргүйчүүдийн орогнох газар болон хувирчээ. Мөн хотынхон ч байшин барихаар тоосго тоосгоор нь зөөх болсон байна. Бүрэн орхигдсон Колизей дайснуудын халдлагад ихээхэн өртсөн гэдэг.

Ромын католик шашны тэргүүн XIV пап лам Бенедикт XVIII зуунд Колизейг бүрмөсөн сүйрэхээс хамгаалж “ариун газар” болгон зарлажээ.

Энэхүү түүхийн дурсгалт газрыг хойч үедээ хадгалан үлдээх талаар 19-р зуунаас л санаа тавьж эхэлсэн байна. 20-р зуунд сэргээн засварлах ажил удаан хугацаанд өрнөж, 2000-07-19-нд Колизей олон нийтийн өмнө дахин үүд хаалгаа нээжээ. Өнөө үед Колизей нь дэлхийн хамгийн алдартай, жуулчдын хамгийн их очдог газруудын нэг.

VIII зууны үеийн мөргөлчид: "Колизей унаагүй цагт Ром оршсоор байх болно. Колизей унавал Ром ч унана. Ром унавал бүх дэлхий сүйрнэ" гэж ярьцгаадаг байжээ. Харин Колизей оршсоор л...

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Аугаа их гүрний бэлгэдэл болсон Колизей
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/18
    On tsagiin huvid zarim jijighen aldaa bainaa.eniig barihaas zuun jiliin omno amidarch bsan humuus ene dotor yum uzeed yavj bsan ch bh shig.odoogiin kolizei bol jinhene tomiinhoo 33huvi ni jijighen uldegdel ni gesen ug.gehdee romchuudiin barisan hamgiin tom zadgai teatr ene bish.ih tsirk geed enees hed dahin tom 300000 hunii bagtaamjtai teatr bsan.

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/02/09
      дээр бичсэн зүйлийг дахиж дурьдах хэрэг бсымуу


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох