Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлжээ

Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх дээр иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжлэлээр үүссэн нийслэлийн соёлын өвийг нураах 280, 281 дүгээр тогтоол болон Соёлын өвийн хуулийг зөрчсөн төрийн шийдвэрийн эсрэг шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Байгалийн түүхийн музейн барилгыг аравдугаар сарын 31-ний дотор нураах ёстой. Өмнө нь нэхэмжлэл дээр дурдагдсан хариуцагч талууд шүүх хуралд ирээгүй учраас шүүх хурал долоо хоногоор хойшлогдоод байжээ. Одоо Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерт шалгарсан компанийн зүгээс аравдугаар сарын 31-ний өдрийн дотор барилгыг нураах ажлыг гүйцэтгэх учраас ажлаа эхлүүлсэн гэдгийг шүүх хурлын үеэр мэдэгдсэн байна.

Шүүх хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төлөөлөл болон Засгийн газар, Байгалийн түүхийн музейн удирдлагаас гурван хариуцагч шүүх хуралд оролцжээ. Харин нэхэмжлэгч талаас ХҮН намынхан болон Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо, Зон олны нам, төрийн бус байгууллагуудын төлөөлөл шүүх хуралд нэгдэн оролцсон байна.