МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн их алдагдал дагуулсан санхүүгийн харалган бодлого

  • 4,516 уншсан
  • 1
  • 2015/01/19

Мөнгө санхүүгийн ертөнцөд иймэрхүү алдаа нь маш их хохирол, алдагдалд хүргээд зогсохгүй зарим томоохон корпорациудыг мөхөлд хүргэж, улмаар дэлхий дахинаа нөлөөлж болзошгүй эрсдэл дагуулдаг. Түүхэнд хамгийн их алдагдал дагуулсан гэж тооцогддог зарим хүмүүсийн болчимгүй ажиллагааны тухай баримтыг сонирхуулъя.

Жеймс Хауэлл биткойныг (онлайнаар ашиглагддаг виртуал мөнгө) хэрэггүй зүйл гэж үзээд хаяж орхижээ.

2009 он буюу биткойн дөнгөж бий болж байх үед Жеймс Хауэлл гэгч хүн 7500 биткойнтой болжээ. Тэр үед биткойны ханш маш бага байсан учир энэ нь бараг үнэгүй шахам зүйл байсан л даа. Гэхдээ 2013 онд 7500 биткойн нь ойролцоогоор 6 сая америк доллартай тэнцэж иржээ. Харамсалтай нь, Жеймс онлайн мөнгөтэй дискэн дээрээ цай асгаж орхиод хогийн сав руу шидчихсэн юм байна. Биткойны жинхэнэ үнэ цэнийг мэдэрсэн Хауэлл ойролцоох хогийн цэг рүү очиж хайсан ч юугаа олдох вэ дээ?


Францад хэтэрхий өргөн галт  тэрэг үйлдвэрлэжээ.

2014 онд Францын төмөр замын SNCF компани нийтийн тээврийн системийг шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн төмөр замын стандартад нийцсэн шинэ галт тэргийг бий болгох  төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Төмөр замын RFF оператороос авсан мэдээллийнхээ дагуу компани 2000 шинэ галт тэрэг захиалсан байна. Харамсалтай нь, RFF-ийн мэдээлэл зөвхөн сүүлийн 30 жилийн дотор баригдсан өртөөнд л тохирч байсан тул нарийн платформ бүхий орон нутгийн хуучны өртөөнүүд шинэ галт тэргийг хүлээн авч чадахгүйд хүрчээ. Шинэ галт тэрэг хэтэрхий өргөн байсан байна. Орон даяар 6 өртөө бүрийн нэг нь ийм байдалд орсон гэдэг. Эдгээр өртөөнд засварын ажил хийхийн тулд SNCF дахин 60 сая доллар зарцуулсан байна.


Рональд Уэйн Apple-ийг заржээ.

Рональд Уэйн бол Стив Жобстой цуг Atari-д ажиллаж байсан хүн юм. Гэхдээ тэр зүгээр нэг түнш байгаад зогсоогүй, компанийн логоны өвөрмөгц дизайныг гаргаж, энэ аваргыг хөл дээрээ босоход үлэмж хувь нэмэр оруулсан нэгэн билээ. Мөн тэрээр Уэйн, Жобс, Возняк 3-ын түншлэлийн гэрээг анх байгуулж, Apple-ийн анхны бүтээгдэхүүнийг ашиглах зааврыг зохиосон хүн юм. Гэхдээ түншүүдийн нь туршлагагүй байдал ажил хэргийг нурааж магад хэмээн болгоомжилж, хувьцааны 10%-ийг авчээ. Харин Apple дампуурсан тохиолдолд хувь хүртэх активуудыг эзэмшиж байсан гэнэ. Тэгээд тэр өөрийн хувьцаагаа ердөө л 800 доллараар зарж орхижээ. Жилийн дараа Apple-ээс хүртэх ёстой өмчийг 1500 доллараар зарсан гэдэг. Хэрэв тэр хувьцаагаа хадгалж байсан бол 2011 онд 35 тэрбум доллартай болох байлаа.


Fox “Star Wars” киноны төслийг “царцаажээ”.

Хэдийгээр Жорж Лукас “Star Wars”-ыг “барьж авах” нь зөв гэдгийг сайн мэдэрч байсан ч “20th Century Fox”-тай хэцүүхэн нөхцөлөөр гэрээ хийхэд хүрнэ гэдгийг ойлгож байлаа. Fox дээрх төсөл амжилтанд хүрэхгүй гэж бодсон учир Лукаст маш бага мөнгө төлөхөөр зүтгэж байжээ. Гэвч Лукас “Star Wars” брендийг өөрөө эзэмших ганц болзолтойгоор, дөнгөж 350 000 долларын шагнал авч уг киног найруулахаар болжээ.  "Оддын дайн" кино нь араасаа хэд хэдэн анги, тоглоом, ном, видео тоглоом дагуулсан хит болсныг бүгд мэдэж байгаа. Өнөөгийн байдлаар брендийн лицензийн эрх гэхэд л 20 сая долларын үнэтэй аж. Харин Fox юу ч үгүй хоцорчээ.


“Piper Alpha”нефтийн цооног дэлбэрсэн нь

Энэ нь олон тооны алдаанаас үүдэлтэй гамшиг байсан юм. Зогсолт хийж, шинэ тавцан барих хэрэгтэй байсан ч операторч үргэлжлүүлэн өрөмдсөөр байлаа. Дамжуулах хоолойд гарсан нүхийг маш чанаргүй материалаар түр зуур хаасан төдий байв. Ер нь энэ хоолойг ашиглах боломжгүй болсон байсан ч энэ тухай өрөмдлөг хийж байсан ажилчинд мэдэгдээгүй байжээ. Ингээд аймшигт дэлбэрэлт болж, тэр үед нефтийн цамхаг дээр байсан 167 ажилчны амийг авч оджээ. Учирсан хохирол нь 1,4 тэрбум доллар болж байсан бөгөөд, үүн дээр даатгалын нөхөн төлбөр, алдагдсан ашиг зэрэг хэдэн зуун сая доллар нэмэгдэх юм.


Тооцоонд алдаа гарснаас NASA Ангарагийн автомат зондыг алджээ

NASA хэдхэн жилийн дотор “Mars Climate Orbiter” төсөлд 125 орчим сая доллар зарцуулжээ. Автомат бондыг Ангараг руу илгээж гарагийн уур амьсгал, агаарын давхарга, газрын гадаргууг судлах ёстой байлаа. Гэвч математик тооцоо буруу байснаас зонд ажлаа эхлэхээс өмнө алдагджээ. Төсөл дээр ажиллаж байсан багийнхан стандартын метрийн системийг хэрэглэсэн байхад нэг баг дюйм, фут, ярд зэргийг хэрэглэсэн нь дээрх алдаанд хүргэжээ. Үүний уршгаар “Mars Climate Orbiter” агаар мандалд хэт ойр нисэж Ангараг гарагт дөхөж очмогц сүйрсэн байна.


Хови Хаблерын алдаа

Хови Хаблер бол Америкийн “Morgan Stanley” банкийн ажилтан байсан юм. Тэрээр ипотек зээлийн асуудлыг хариуцаж их хэмжээний мөнгө олдог байв. Хэсэг хугацааны дараа Хаблер АНУ-д орон сууцны үнэ үргэлжлүүлэн өсөх байх хэмээн найдаад томоохон “тоглолт” хийхээр шийджээ. Гэтэл дэлхий даяар эдийн засаг уналтанд орж, 2007 оны дундуур орон байрны үнэ огцом унасан байна. Ингэснээр “Morgan Stanley” 7,8 тэрбум долларын алдагдалд оржээ. Ер нь Хаблерын “зүтгэлээр” банк нийтдээ 9 тэрбум доллар алдсан гэдэг. “Morgan Stanley”-ийн саяхны “хоосролд”-д ч Хови Хаблер хариуцлага хүлээх учиртай гэнэ.


Японы үнэт цаасны зах зээл дээрх будлиан

2003 онд Японы “Mizuho Securities” фирм J-Com Co-ийн нэг хувьцааг Токиогийн үнэт цаасны бирж дээр 610 000 йенээр (5000 доллар) үнэлж арилжаалахаар болжээ. Гэвч энэ ажиллагааг хариуцсан ажилтан будилж 610 000 хувьцааг ердөө 1 йенээр зарж орхисон байна. Энэ тоо нь J-Com Co компаний мэдэлд байгаа бодит хувьцаанаас 40 дахин их байгааг үл харгалзан, “Mizuho Securities”-ийн зүгээс эсэргүүцэл илэрхийлсээр байтал Токиогийн үнэт цаасны бирж захиалгыг үргэлжлүүлсээр байв. Эцсийн эцэст нэг хариуцлагагүй ажилтны балгаар компани 27 тэрбум йений (225 сая доллар) хохирол амсчээ.


Гээгдүүлсэн сугалаа

Британы хосууд 2010 онд их том алдаа хийжээ. Эхнэр нь “Euro Millions Lottery”-д 181 сая доллар хожсон байна. Энэ нь хонжворт сугалааны түүхэнд урьд нь тохиолдож байгаагүй том хожил гэнэ. Харамсалтай нь, нөхөр нь сугалаагаа үрэгдүүлсэн байжээ. Өөр хэн нэгэн гарч ирээгүй тул хожлын мөнгийг буяны үйлд зарцуулсан гэдэг.


AOL болон Time Warner-ийн түншлэл

Америкийн медиа-конгломерат (өөр өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэн ажиллах хэлбэр) болох AOL ба Time Warner нь (үндсэн үйл ажиллагаа нь: зар мэдээ ба цэнгээнт хөтөлбөр) 1999 онд нэгджээ. Түншлэлийн гэрээ нь 350 тэрбум долларын өртөгтэй тусч, AOL хувьцааны 55%-ийг авах болжээ. Тэр үед AOL зах зээлийн ханшаар 240 тэрбум долларын хөрөнгөтэй байлаа. Хэдхэн сарын дараа ажил төрөл нь бүтэлгүйтэж, AOL алдагдалд орж эхлэв. AOL ба Time Warner нь 2002 онд америкийн компаниудын түүхэнд байгаагүй их буюу 40 тэрбумын алдагдалд оржээ. Ингээд 2009 онд “салсан” байна. Өнөөдөр AOL 1,8 орчим тэрбум, харин Time Warner – 40 тэрбум долларын хөрөнгөтэй байна. Нэгдэх болсон нь маш буруу шийдвэр байжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн их алдагдал дагуулсан санхүүгийн харалган бодлого
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/19
    Дүрмийн алдаа багатай, зарим нэг нэршлүүдийг хаалтан дотор тайлбарлаж бичсэн нь таалагдлаа. Харин гарчиг нь арай өөр утга илэрхийлээд байна. "Санхүүгийн бодлого" гэдэг үг маань зорилгодоо хүрэхийн тулд санхүүгийн хувьд баримтлах үзэл баримтлал, чиглэлийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энд бичигдсэн зүйлс мөнгөтэй холбоотой ч, санхүүгийн бодлоготой огт холбоогүй. Амжилт хүсье!

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох