МЭДЭЭ НЭМЭХ  

Амьтдын найраа

  • 4,588 уншсан
  • 1
  • 2014/04/21

Хүмүүс дурлалт бүсгүйнхээ зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд цэцэг бэлэглэж, лааны гэрэлд романтик үдшийг өнгөрөөж, шүлэг зохионо...Харин амьтад хосоо олохын тулд яадаг юм бол?

 

Гэдсээ чичиргэн хөдөлгөдөг

Тогосон аалз тогосны сүүлтэй адилхан гэдсээрээ эмэгчнээ урин дууддаг байна

Бяцхан тогосон аалз эмэгчнээ хармагц хурц өнгөт гэдсээ дээш өргөн хийлж, зууван хэлбэртэй болгоно. Мөн хос хөлөө ч дээш өргөн бэлдсэн байна. Эмэгчинг ойртож ирмэгц гэдэс, хөлөө чичигнүүлэн хөдөлгөж, 2 тийшээ найган урин тачаангуйгаар бүжиглэж эхэлдэг. Энэ бүжиг эмэгчинд таалагдвал тэр нийлүүлэгт орохыг “зөвшөөрдөг” аж.


Өөрийнхөө биеэр хөгжимдөн бүжиглэдэг

Улаан залаат манакин шувуу далавчаараа хөгжимдөн бүжиглэдэг

Улаан залаат манакин шувуу орооныхоо үеэр эмэгчнийг өөртөө татахын тулд үсэрч харайх, 180 градусаар эргэх, арагш гулсах гэх мэт хамгийн гайхалтай хөдөлгөөнүүдийг хийнэ. Ингэж бүжиж байхдаа өөрийнхөө биеийг хөгжим болгон тоглодог. Далавч бүрийн 5 дахь өд өөр нэгэн онцлог өдтэй дэвэх бүр хавиралдаж «тюк-тюк», «дзинь-дзинь» гэх дуу гаргаж эмэгчингүүдийн анхаарлыг татдаг байна. Энэ шувуухай заримдаа секундад 107 удаа далавчаа хавирдаг гэнэ.


Чулуугаар шиддэг

Серра-да-Капивар паркт амьдардаг судалт капуцин сармагчингийн эмэгчин өөрт таалагдсан эрэгчин харагдвал чулуу шидэж эхэлдэг

Ихэнх эм сармагчингууд нийлүүлгэнд бэлэн болсноо эрэгчиндээ мэдэгддэг гэнэ. Жишээ нь: бонобогийн эм нь хөөж томорсон бэлгийн уруулаа эрэгчиндээ харуулдаг бол, зарим нь өвөрмөгц үнэр ялгаруулдаг ажээ. Харин Бразилд амьдрах хар судалт капуцин сармагчны эмэгчин “ сэтгэлдээ нийцсэн залууг “ хармагц ам хамраа мушийлган элдэв янз болгож, уйлагнах мэт дуу гаргадаг гэнэ. Бас гүйн очиж гараараа илснээ зугтан одох аж. Ингэж “ аалигүйтээд “ нөгөөх нь тоохгүй байвал анхаарлыг нь татахын тулд чулуу шидэж эхэлдэг. Харин эрэгчин нь нийлүүлэгт орохыг хүсвэл шээсээ биендээ түрхэж дохио өгдөг байна.


Бэлэг эрхтнээрээ тулалддаг

Орооныхоо үеэр хавтгай хорхойнууд бэлэг эрхтнээрээ тулалддаг

Усны хавтгай хорхойн хувьд хайр дурлал бол тулааны талбар билээ. Орооныхоо үеэр тэд бэлэг эрхтнээрээ хутга мэт дүрэлцэхийг хичээдэг. Чадсан нь “ аав “ болно. “ Хутганы “ гаргасан нүхээр түүний бэлгийн эс нөгөө хорхойн биед орж үр тогтолт явагдана. Аль ч хорхой “ ээж “ болохыг хүсдэггүйд хэргийн учир байгаа юм. Учир нь үр төлөө төрүүлж өсгөхөд эх нь илүү их энергийг зарцуулдаг байна. Тулалдаан хэрхэн явагддагийг бичлэгээс үзээрэй.

Бичлэг


Цамхаг барьдаг

Эмэгчиндээ гайхуулахын тулд дууч шувууд гайхалтай байшин барьж, түүнийгээ янз бүрээр чимэглэдэг

Дууч шувууны эрэгчин өөрийгөө хамгийн шилдэг нь гэдэгт эмэгчингээ итгүүлэхийн тулд цамхаг эсвэл саравчийг санагдуулам зүйл барьж, орчин тойрныг нь чулуу, дун, цэцэг, өд сөд, амьтны ялгадас, хүний тарьсан хог зэрэг есөн жорын юмаар “чимэглэсэн” байдаг. Ингэснээр эмэгчингийнхээ анхаарлыг татах, мөн бусад эрэгчингүүдэд гайхуулах зорилготой байдаг гэнэ. Харин өрсөлдөгчид нь бусдын цамхагийг нураах, чимэглэлийг нь хулгайлах зэрэг авир гаргадаг байна. Эмэгчин нь хэд хэдэн цамхагийг харж сонголт хийнэ. Энэ үед эрэгчин цамхагаа тойрон гүйж, эмэгчинд нэг ойртож очсоноо дорхноо зугтан гүйх зэргээр аашилдаг. Энэ нь эмэгчинг өөрийн цамхагийн дэргэд удаан тогтоож, эцсийн бүлэгт түүнтэй эвцэлдүүлэгт орох зорилготой ажээ.


Огт хэрэггүй зүйл бэлэглэдэг

Пизаурид аалзнууд хуурамч хуримын бэлгээр эмэгчингүүдийг мэхэлдэг байна

Пизаурид гэдэг нэг төрлийн аалз орооны үедээ эмэгчиндээ заавал бэлэг барьдаг. Түүнгүйгээр үр удмаа үлдээх ямар ч боломж байдаггүй аж. Энэ бэлэг нь голдуу шүлсэндээ ороосон хоол хүнс байдаг. Эмэгчин бэлгийг задалж завгүй байх хооронд эрэгчин түүнд үр тогтоож орхиод дараачийн “ бүсгүй “ рүү гүйнэ. Гэхдээ зарим аалз эмэгчинг хуурч дөнгөдөг байна. Шүлсэнд боолттой бэлгийг гаднаас нь хараад мэдэх аргагүй тул тэд өвс ургамлын өөдөс, шавжны хатсан бүрхүүл зэрэг идэж болохгүй зүйлүүдийг боогоод авчирдаг гэнэ. Эмэгчин боодолтойг үзэж байх хооронд эрэгчин нь үр тогтоож амждаг байна. Гэхдээ эмэгчин хууралтыг мэдэх л юм бол зугтан оддог аж. Зарим эмэгчин бэлэг жинхэнэ байсан ч зугтах тохиолдол бий. Энэ үед эрэгчин үхсэн дүр эсгэж бэлэгнээсээ чирэгдэн явахаас өөр мэхгүй болдог. Эмэгчин түр амсхийхээр зогсмогц эрэгчин гялс “сэргэж” ажлаа амжуулдаг аж.


Хамраа хөөлгөдөг

Далайн хав / хохлач/-ны эрэгчин хамрынхаа хөндийг хөөлгөн унжуулж, сүрэгтээ хичнээн мундаг нь болохоо эмэгчингүүдэд гайхуулдаг

Нэг төрлийн далайн хавны / хохлач / ороо нь орох үед хамрын хөндийн зөөлөн эд нь хөөж нүхээрээ унжин ягаан бөмбөлөг шиг харагддаг. Ингэж тэд өөрсдийн эрүүл чийрэг бие, эрх мэдлээ эмэгчингүүд болон бусад эрэгчинд тунхаглаж байгаа юм.


Янз бүрээр дуугардаг

Дэлгэрэнгүй тогос шувууд янз бүрийн дуу чимээг дуурайн дуугарч эмэгчингээ бишрүүлдэг

Дэлгэрэнгүй тогос шувууны эр нь эмэгчингээ татахын тулд төрөл бүрийн дуу авиаг дуурайн дуугардаг. Тэд бусад шувуудын жиргээн, нохой хуцах, коала баавгайн архирхыг хүртэл яг дуурайдаг байна. Тэр ч байтугай хүний дуу хоолой, нялх хүүхэд уйлах, цахилгаан хөрөө, гал командын тэрэгний дохио, машины мотор, буун дуу зэргийг дуурайн дуугарч байсан тохиолдол бий. Эмэгчингүүд нь мөн тийм авьяастай боловч эрэгчингээ гүйцдэггүй гэнэ. Эдгээр шувууд жилийн турш дуулдаг ч 6-8-р сард үржлийнхээ үеэр бүр ч илүү, өдөрт 4 цаг тасралтгүй  дуулдаг гэнэ. Тэд хэрхэн дуулж, дуугарч байгааг дараах бичлэгээс сонсоорой. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амьтдын найраа
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • CV 2014/04/21
    Haha, ter aalz uu? :)))))

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох