Айлын гэр сүйтгэсэн баавгайг буудав

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойн гол гэдэг газарт нутаглаж байсан айлын гэрт энэ сарын 3-ны шөнө баавгай орж аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай үйл явдал болсон.

Уг хэргээс үүдсэн айдас түгшүүр арилж амжаагүй байтал энэ сарын 18, 19-нд Хэнтий аймгийн Батширээт суманд айлын гэр рүү баавгай дайрсан гэх мэдээлэл иргэдийг түгшээлээ.

Уг мэдээллийн мөрөөр Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг дарга М.Болдоос тодруулахад “Манай сумын төвөөс хойш Цагаан горхины адаг гэх газарт намаржиж байсан малчин Д.Оюунцэцэгийн гэр рүү энэ сарын 18-нд баавгай дайрлаа гэх дуудлага хүлээн авсан. Сум, багийн удирдлага, нутгийн анчид дуудлагын дагуу тухайн хэрэг явдал болсон айлд очсон.

Баавгай гэр рүү нь дайраад байсан учраас гэрийн эзэгтэй өөр айлд очсон юм билээ. Ингээд тухайн шөнө бид айлын намаржааг эргэж тойрч хоносон. Гэтэл өглөө нь нөгөөх айл руу баавгай дахин дайрч, гэрт орж ирэхэд нь буудсан.

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зөвшөөрөлтэйгөөр баавгайг устгасан. Хүний эрүүл мэнд хохироогүй. Баавгайг аймгийн Байгаль орчны газрын даргаар ахлуулсан тусгай ажлын хэсэгт хүлээлгэн, өгч устгалд орууллаа. Ер нь өнгөрсөн сараас хойш баавгай мал, хүн рүү дайрсан хэд хэдэн тохиолдол гарлаа” гэв.