The Guardian

"Gerege" цомог нь iTunes чартыг тэргүүлж, олон улсын хөгжмийн зах зээлд өөрсдийн орон зайгаа бий болгож буй Хү "The Hu" хамтлагийг энэ удаад Их Британийн өдөр тутмын цахим хэвлэл The Guardian онцолжээ. Үүнд Youtube сувагт 45 сая хандалтыг бий болгосон, мөн саяхан алдарт дуучин Элтон Жонны магтаалыг хүртсэн тухай нь оршил болгосон байна.

Цаашлаад Хү хамтлагийн Польшид хийсэн тоглолт эхлэхийн өмнө үзэгчид 20 минутын туршид Хү! Хү! Хү! хэмээн тасралтгүй орилж байсан гэжээ. Англи хэл дээр бус, өөрсдий монгол хэлээр бүх дуугаа дуулж буй ч нийт үзэгчдийн сэтгэлд хүрж, байлдан дагуулж чадаж байсныг мөн онцолсон байна. Хамгийн сонирхолтой нь, нийтлэлч монгол ардын уламжлалт хөгжмийн зэвсгүүд болох морин хуур, товшуур зэргийн талаар болоод хөөмий, уртын дууны талаар чамгүй мэдээлэл цуглуулснаа тайлбарлан бичжээ. Ингээд уламжлалт урлагаар өнөө цагт метал хөгжим тоглож буйг онцгойлон дурьдаж, уншигчдад зориуд сануулсан байгаа юм.

Мөн Yuve Yuve Yu дууны клипний утга агуулгыг өөрсдийн зүгээс тайлбарласан байна. Уламжлалт амьдрал болоод модерн хэв маягийн хослолыг илэрхийлсэн гээд, ерөнхий өнгө аяс нь ямар ч хүний сэтгэлийг догдлуулахаар болсон хэмээн дүгнэж. Ийнхүү “Хү хамтлаг аль ч улсад зорчих визагаа уран бүтээлээрээ нэгэнт авчихлаа” гэжээ.