Ч.Батболд: Монголын анхны ЭКОТОР-ыг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна

21 дүгээр зууны ухаалаг иргэд пластик эдлэл, гялгар уут, хуванцар савнаас татгалзаж байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн ашигладаг болсныг мэдэх биз ээ. Тэгвэл хүмүүсийн хандлага, сэтгэлгээ өөрчлөгдөж буй энэ цаг үед дэлгүүрийн лангуун дээрээс гялгар уутыг халж, даавуун тор хэрэглэх боломжийг Монголчууддаа олгож буй “Морьт Тайж” ХХК-ийн захирал Ч.Батболдтой ярилцлаа. Тэрээр 2013 оноос хойш даавуун торыг хэрэглээнд нэвтрүүлж, зөв дадал болгохоор ажиллаж ирсэн ажээ.

-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Нийгмийн сүлжээнээс таны үйлдвэрлэсэн даавуун торны талаарх мэдээллийг авлаа. Энэ бол маш зөв, ухаалаг хэрэглээ шүү дээ. Та даавуун торыг хэзээнээс, хэрхэн яаж үйлдвэрлэх санаа төрсөн бэ?

-Тийм ээ. Даавуун тор бол байгаль орчинд ээлтэй. Гялгар уутыг бодвол маш хурдан буюу 3-5 сарын хугацаанд бүрэн задардаг. Тэрнээс гадна олон удаагийн хэрэглээтэй бүтээгдэхүүн л дээ. Материалын нимгэн зузаанаас нь шалтгаалаад олон зүйлсэд хэрэглэж болдог. Жишээлбэл, эмчийн малгай, нөмрөг, улавч, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл зэрэг бүтээгдэхүүнүүдийг олон улсад энэхүү эко материалаар хийдэг юм билээ. Манай үйлдвэр байгуулагдаад нэг сар гаран болж байна. Бид Монголын анхны эко даавуун тор буюу “Ecobag” нэрийн дор байгальд ээлтэй эко торыг шинээр нэвтрүүлэхээр ажиллаж эхлээд байна. Бидний эрхэм зорилго бол хүмүүсийн амьдарч буй ертөнцийн хог хаягдлыг багасгах, дахин ашиглах,удаан эдэлгээтэй хямд өртөг бүхий уут санал болгох явдал юм. Түүнчлэн гялгар уутны хэрэглээг багасгаж, хор хөнөөлийг нь бууруулах, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор ажиллаж байна.

-Үнийн хувьд хэдэн төгрөгөөр борлуулагдаж байна вэ?

-Үнийн хувьд гэвэл харьцангуй хямд үнээр борлуулагддаг. Одоогоор манайх шинэ үйлдвэр болохоор олон нийтэд хүртээмжтэй тор үйлдвэрлэж чадахгүй байгаа. Зөвхөн байгуулллагуудын захиалгыг авч, тороо үйлдвэрлэж байна. Дундаж үнэ нь 800-1000 төгрөг орчим.

-Даацын хувьд хамгийн ихдээ хэдэн кг ачаа даах боломжтой байгаа вэ?
-Ерөнхийдөө бол 10 кг ачааг даах чадвартай.


-Түүхий эдээ хаанаас авдаг вэ? Эсвэл өөрсдөө хийдэг үү?
-Монголд энэхүү эко гэж нэрлээд байгаа материалыг бол зардаггүй. Тиймээс бид материалаа Хятад улсаас захиалгаар авч, Монголдоо оёж, үйлдвэрлэдэг.

-Эко материал гэхээр яг ямар материал гэсэн үг вэ?

-Олон улсын нэршлээр бол сүлжмэлгүй даавуу гэж нэрлэдэг. Нэг удаагийн маск шиг материалтай гэж ойлгож болно.

-Өнгө, дизайны хувьд хэчнээн өнгө төрөлтэйгээр хийж байгаа вэ?

-Өнгөний хувьд гэвэл  шар ногоон улаан гэх мэт 3-4 өнгөний сонголттой үйлдвэрлэж байна. Мөн 34:35:8 болон 35:40:10 зэрэг хэмжээний сонголттой байгаа.

-Одоогоор танай компанид хичнээн ажилчид ажиллаж байна. Хүний нөөцөө хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Манай компанид одоогоор 4-5 хүн ажиллаж байна. Цаашдаа хүний нөөцөө нэмж, 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мөн үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулах зорилго тавин ажиллаад байна. Хэрэв тоног төхөөрөмжөө сайжруулчихвал олон хүнийг ажлын байраар хангах боломжтой. Олон нийтэд хүртээмжтэй буюу хэрэглэгч ихтэй болоод ирвэл мэдээж ажилчдын орон тоо ч ихэснэ. Бид одоо шинэ хүмүүсээ сургаж ажиллахад илүү анхаарч байна.

-Бусад даавуун торноос ялгарах давуу тал нь юу вэ? Юугаараа илүү ач холбогдолтой гэж бодож байна?

-Бусад даавуун торыг бопоход илүү хямд үнэтэй учраас үйлчлүүлэгчдийн мөнгө санхүүд ч хэмнэлттэй. Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд энгийн гялгар тор 200-300 төгрөгийн үнээр зарагддаг. Хэрэвзээ бид тоног төхөөрөмжөө сайжруулаад, үйлдвэрээ өргөжүүлчихвэл зах зээлд илүү хямд үнээр буюу 300 төгрөгөөр ч нийлүүлж болно. Мэдээж худалдан авалт сайн байж, эргэлтийн мөнгөтэй болчихвол шүү дээ.

-Танайх томоохон дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар ярилцаж үзсэн үү? Ер нь өдөрт дунджаар хэчнээн тор үйлдвэрлэж байна?

-Зарим газруудтай ярилцаж, борлуулах санал тавиад байгаа. Одоогоор өдөрт 3000 тор үйлдвэрлэх боломж бий. Үйлдвэрээ эхлээд удаагүй учраас том дэлгүүрүүдэд нийлүүлэхэд хараахан хүчин чадал, тоног төхөөрөмжний хувьд дутагдалтай л байна.

-Хувь хүн, иргэд танайхаас эко тор авья гэвэл хаанаас авах боломжтой вэ? Нийлүүлж байгаа газар байгаа юу?

-Одоогоор маркетинг буюу хүмүүст сурталчлан таниулах ажлаа хийж байгаа. Бид саяхнаас“Нарантуул” худалдааны төвийн бөөний бараа нийлүүлдэг, зардаг газруудаар гэрээ хийж эхэлсэн. Удахгүй худалдаалагдаж эхлэх байх. Мөн томоохон сүлжээ дэлгүүрүүд хамтарч ажиллая гэвэл мэдээж нээлттэй байх болно.

-Даавуун торноос өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Манайх цаасан тор, даавуун тор, мөн футболк хийдэг байгаа.

-Ихэвчлэн байгууллагууд захиалдаг гэж байна л даа. Тэгэхээр захиалга нь хэд хоногтоо гардаг вэ?

-Цаасан тор  300 ширхэг нь 2-3 хоногтоо гардаг. Даавуун тор гэвэл 6000 ширхэг нь 30-40 хоногт гарах боломжтой. Хамгийн багадаа 100 ширхэгээр ч гарах боломж бий.

-Танайх үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр буюу ийм загвартай, ийм өнгөтэй тор хийлгэе гэвэл үйлчлүүлэгчдийнхээ хүссэн загвар дизайнаар үйлдвэрлэх боломжтой юу?


-Мэдээж тэгэлгүй яахав. Тийм боломж байгаа. Гэхдээ нэг бэрхшээлтэй зүйл нь гэвэл материалаа Хятадаас захиалж авчирдаг болохоор нэг өнгөнөөс нэг л тонн захиалах нормтой байдаг. Тиймээс хүн бүрийн хүссэн өнгөөр гарна гэж бардам хэлэхгүй  ч орлого сайн байвал эргээд эргэлтийн хөрөнгөөр олон өнгө төрлөөр захиалаад үйллвэрлэх боломжтой.

-Дэлхийн 60 гаруй оронд нийлэг уутны хэрэглээг хорьсон байдаг шүү дээ. Манайд бас ийм хууль гаргасан ч төдийлөн хангалттай хэрэгжиж чадахгүй байна. Энэ тал дээр таны бодол?

-Манай улс анх 2009 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 0,036 мл гялгар уутыг хэрэглэхийг хориглосон байдаг. Гэхдээ энэ хууль жоохон алдаа дутагдалтай юм шиг санагдсан. Гялгар уутыг хориглох нь зөв ч гэлээ гялгар уутны зузаан нэмэгдэх тусам байгальд үзүүлэх хор нөлөө нь илүү их байдаг. Иргэд ч гялгар уутыг хориглосон хуулийг их дэмжиж байсан. Гэвч гялгар уутыг орлох бүтээгдэхүүн, энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжээд явсан бол энэ хууль жинхэнэ ёсоороо хэрэгжих байсан болов уу.

-Хүмүүс нэгэнт хэрэглээд сурчихсан зүйлээсээ татгалзаж чадахгүй байх шиг байна. Түүнчлэн даавуун торыг үнэтэй гэх иргэд ч цөөнгүй байдаг юм билээ?

-Тийм ээ. Гэхдээ нэг үeэ бодвол хүмүүс гялгар уутны хор хөнөөлийг харьцангуй ухамсарладаг болж.Үндэсний үйлдвэрлэл, эко бүтээгдэхүүнээ их дэмжиж байгаа харагддаг. Даавуун тор зах зээлд янз бүрийн л үнэ ханштайгаар л борлуулагддаг. Дундаж үнэ нь 1000-20000 төгрөгийн хооронд байгаа.

-Уг нь нэг даавуун тор авсан байхад угааж арчлаад хэдэн сар барьчихвал өдөр бүр дэлгүүрээс 100-200 төгрөгөөр тор авж байснаас илүү дээр санагдах юм. Байгаль орчинд ч ээлтэй?

-Тийм шүү. Түрүүний хэлсэнчлэн өдөрт 200, 300 төгрөгөөр тор авдаг айл сард дунджаар 20000-30000 мянган төгрөгийг зөвхөн торонд зарцуулна. Харин энэ мөнгөөрөө даавуун тор аваад түүнийгээ угааж арчлаад явбал уг нь насан туршдаа л гялгар уутанд мөнгө үрэхгүй бөгөөд санхүүд ч хэмнэлттэй.Түүнчлэн хүмүүс гялгар уутыг 12 минут ашиглаад л хаядаг гэх судалгаа бий. Тэгэхээр 12 минут тутамд хэчнээн мөнгө хаягдаж байгааг бодоод үзэхэд гэмгүй.

-Та эко хэрэглээний талаар ард иргэдэд хандаж, уриалсан үг хэлээч.  Мөн төр засгаас ямар арга хэмжээ авбал хүмүүс гялгар уутнаас татгалзаж чадах бол?

-Европын улс орнуудад жилд дунджаар нэг хүн таван гялгар уут л ашигладаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Манай орны хувьд хог хаягдлынхаа ердөө 20 хүрэхгүй хувийг л дахин боловсруулдаг. Тиймээс манайх шиг гялгар уутны хэрэглээ өндөр улс орнуудад түлхүү байгаль экологид ээлтэй эко тор хэрэглэх нь илүү үр өгөөжтэй санагдсан. Тэгэхээр аль болох байгаль орчинд ээлтэй хурдан задрах бүтээгдэхүүнийг хэрэглэж, гэр бүлдээ эрүүл сонголт хийж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө гялгар уутнаас татгалзаж, даавуун тор хэрэглэж хэвшихийг уриалж байна. Мөн төр засгаас энэ төрлийн бизнес эрхлэгч болон үйлдвэрүүд, хувь хүмүүсийг дэмжээд явбал гялгар уутнаас салах өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Та одоог хүртэл дэлгүүр орохдоо нэг удаагийн гялгар уутыг худалдаж авдаг юм биш биз. Авсан гялгар уут тань ачаагаа дийлэхгүй урагдах тохиолдол нэлээдгүй гарсан тийм үү. Таны гялгар уутанд зарцуулсан  мөнгө ойролцоогоор хэдэн төгрөг болох бол… Энэ талаар та нэг бодоод үзээрэй.


Ярилцсан:М.Сувд