Путин Африкийн өрийг цайруулах болсон талаар мэдэгдлээ

Орос, Африк тивийн анхны дээд хэмжээний уулзалт 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Оросын Сочи хотноо болж өнгөрлөө. Энэ үеэр Орос улс Африкийн 20 тэрбум ам.долларын өрийг тэглэжээ. Ийм алхам хийсний учир юу байв. 

Африкийн өрийг цайруулах болсон талаар Владимир Путин Сочи хотноо болсон “Орос-Африк” дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдлээ. 

“Манай улс Африк тивийн өрийн дарамтыг хөнгөвчлөх санаачилгад оролцдог. Одоогийн байдлаар нийт цайруулсан өр  20 тэрбум ам долларыг давж байна” хэмээн Путин мэдэгдсэн байна. 

Түүнчлэн, хэд хэдэн оронтой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэн, энэ хүрээнд “эдийн засгийн өсөлтийн үндэсний төслүүдийг санхүүжүүлэх”-д өрийг зарцуулна хэмээн нэмж өгүүлжээ. 

Ядуу буурай орнуудын /африкийн/ 20 тэрбум ам.долларын өрийг цайруулах тухай Путин анх 2017 онд Гвинейн Ерөнхийлөгч Альфа Кондетэй уулзах үеэрээ мэдэгдэж байжээ. 

Энэ хэмжээний өр нь “ихээхэн урт хугацаанд хуримтлагдсан” өр бөгөөд өрийг тэр бүр бүхэлд нь цайруулдаггүй хэмээн  шинжээчид өгүүлж байна. 

Оросын ШУА-ийн Африкийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Альберт Хаматшин Риа новости агентлагд өгсөн тайлбартаа: “Зарим тохиолдолд өрийг бүхэлд нь харин заримдаа хэсэгчлэн цайруулж, 20 хувийг хөгжлийн солилцоонд зарцуулдаг. Жишээлэхэд өрийг цайруулж буй орны компаниуд хөгжлийн төсөл, нийлүүлэгчээр оролцдог. Мозамбик эсвэл Этиопын өрийг цайруулна. Харин энэ өрийн зарим хэсэгт африкчууд Камаз худалдан авах хэрэгтэй” хэмээн өгүүлжээ. 

Түүнчлэн өр цайруулж байгааг олон улсын хэмжээний нөлөөллийн арга гэж харж болох гэнэ. 

Ийнхүү өр цайруулж, үнэ хүндээ өсгөснөөр Африк тивд бизнес эрхлэх сонирхолтой Оросын компаниудыг энэ тив рүү оруулах боломж хангагдаж байгаа аж.