Ачааны машинаас олдсон 39 цогцос Хятад хүмүүсийнх байжээ

Британийн Эссексийн боомт дээр ирсэн хөргүүртэй ачааны машины чингэлэгээс 39 цогцос олдсон хэрэг Британичуудыг цочроогоод байгаа. Тэгвэл Бельгиэс ирсэн уг ачааны машинд байсан цогцсууд бүгд Хятад хүмүүсийнх байсныг Британийн цагдаагийн газар тогтоожээ. Машиныг Бельгиэс гарахад ачааны лацыг задалж үзээгүй шууд Британи руу илгээсэн гэж Бельгийн талаас мэдүүлсэн байна.

Цагдаа нар машины жолооч 25 настай Мо Робинсон гэх залууг баривчлан шалгаж байгаа ба -25 хэмийн хүйтэн хөргүүртэй чингэлэг дотор 31 эрэгтэй, найман эмэгтэйн цогцос олдсон юм. Британийн засгийн газар уг хэргийг хүний наймаатай холбоотой зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байгаа аж. Британи дахь Хятадын элчин сайдын яамнаас өөрсдийн баг бүрэлдэхүүнийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар илгээжээ.

Хамгийн сүүлд 2015 онд 71 цогцос ачсан машин Австрийн зам дээрээс олдсон байна. Энэ мэт хэргийн хохирогчид нь ихэнхдээ цагаачид байдаг аж.