Б.Хурц нарын өмгөөлөгчид Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан хэмээн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг буруутгаж буй. Тэдний хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин прокурор эсэргүүцэл  бичиж, хэргийг шүүхээр болсон юм. Уг асуудалтай холбогдуулан өмгөөлөгч нар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Тэд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдсэн юм. Уг хүсэлтэд:  Төрийн нууцад холбогдох асуудлыг өмгөөлөгч нар өөрийн гараар баталгаа гарган зөвхөн шүүх хуралд гарган танилцуулах эрхтэйгээр хавтаст хэрэгтэй танилцаж тэмдэглэл хөтлөн явуулдаг. Гэтэл улс төрчид хэрхэн олж мэдсэн нь тодорхойгүй  байдлаар шүүх хурлын үеэр дурьдагдсан мэдээллүүдийг өөрт ашигтайгаар эргүүлэн ашиглаж байгаа нь хууль бус байгааг дурьджээ. Энэ мэт асуудлаас үүдэн олон нийтийн дунд эргэлзээ үүсэж, хэргийн үнэн зөвийг шийдвэрлэх байдалд саад болж байгаа учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж дурьдсан эрүүгийн хэргүүдийн материалыг ил болгох зөвлөмж гаргахыг хүссэн байна.

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар Ерөнхийлөгч Х.Баттулгад төрийн нууцад хамаарах эрүүгийн хэргүүдийг олон нийтэд ил болгох хүсэлтийг гаргаж буй аж. Ингэхдээ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн 104 хавтаст материал болон эрүүдэн шүүсэн гэх 36 хавтаст материалыг ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй хийх хүсэлтийг ҮАБЗ-ийн тэргүүнд хүргүүлж байна.

Энэ талаар өмгөөлөгч Б.Мэргэн “Өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах маш бага хугацаа олгосон. 36 хавтаст материалыг нүүрээр нь тоолж үзвэл 15 600 орчим нүүр байгаа. Энэ бүхэнтэй шүүх дээр танилцаад, тэмдэглэл үйлдэнэ. Гэхдээ тэмдэглэлээ авч гарах боломжгүй. Бичсэн тэмдэглэлээ санаад шүүх хуралдаа бэлтгэх нь боломж хязгаарлагдмал байна. Бид робот биш.

Бид Үндсэн хуульд заасан үйлчлүүлэгчийнхээ өмгөөлүүлэх эрхийг хангаж чадахгүй, хэргийн материалтай танилцсан тэмдэглэлээ өөртөө байлгаж болохгүй, гадагшаа юм ярьж болохгүй байхад нэр бүхий улстөрчид хэргийн материалыг задруулаад байна. Тэд хаанаас энэ материалыг аваад байна вэ. Тэгээд өөртөө ашигтайгээр олон нийтэд мэдээлээд байна.

Тиймээс өмгөөлөгч болон улстөрчид харилцан тэнцвэртэй байх үүднээс энэ бүх мэдээллийг ил болгож, олон нийтэд зөв ойлголтыг өгөх хэрэгтэй байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.