Дэлхийн 110 орны газар нутгийн тавны нэг хувь нь цөлжжээ

НҮБ-ын Хөгжлийн агентлагаас “Монгол Улс сүүлийн 30 жилд нийт бэлчээр нутгийнхаа 25 хувийг цөл болгосон” хэмээн мэдээллээ. Тодруулбал, ган гачиг болоод цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрөөр НҮБ-ын хөгжлийн агентлагаас дараах мэдээллийг албан ёсны цахим хуудаснаа гаргасан байна.Тэрхүү мэдээлэлд “Ой модоо сүйтгэж, ган зуд ихээр тохиолдон, дэлхийн дулаарлаас үүдсэн цаг уурын эрс тэрс байдал, хөдөө аж ахуйн тогтворгүй хөгжлийн бодлого баримталж байгаа зэрэг асуудлууд Монгол орны цөлжилтийг хурдасгажээ. Сүүлийн 30 жилд Монголын бэлчээр нутгийн 25 хувь нь элс болон хувирсан байна. Монгол дэлхийн улс орнуудаас байгалийн унаган төлөв байдлаа хадгалж үлдсэн бэлчээр нутагтай цөөхөн орны нэг.Монгол орны газар нутгийн 71 хувийг бэлчээр нутаг эзэлдэг. Харамсалтай нь 65 хувь нь тодорхой хэмжээнд доройтож, үүний 13 хувь нь дахин байгалийн аясаараа нөхөн сэргэх чадвараа алджээ. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 3-10 жилийн дараа бэлчээр нутгийн 30 гаруй хувь нь нөхөн сэргэхээргүй цөлжинө” гэж монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланд онцолжээ.

Цөлжилт нь XXI зуунд хүнтөрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том бэрхшээлд тооцогдож буй. Өмнөд туйл буюу Антарктидаас бусад бүх тивд цөлжилт их бага хэмжээгээр нөлөөлжээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, дулааралтаас хамааран ган гачиг тохиолдох нь олшрохын зэрэгцээ хүний байгаль орчинд үзүүлж буй хэт дарамт их болсоноор цөлжилтийн аюул нүүрлээд байгаа. Дэлхийн уур амьсгалын дулаарал нь бүс, нутаг, газар орны байршлаас хамаарч олон янз байдлаар илэрч байгаа бөгөөд Монгол Улс далайд гарцгүй, эх газрын гүнд байрласнаар дэлхийн уур амьсгалын дулаарал нь цөлжилтөөр илэрч байгаа юм. Цөлжилтийн үйл явц нь хэтэрхий өргөн далайцтай, хувь хүний ахуй амьдрал, гал тогооны эдийн засагт нь шууд нөлөөлдөггүй, хувийн амгалан тайван байдалд нь цочирдмоор шууд нөлөө үзүүлэхгүй, бас үргэлжлэх хугацаа нь хувь хүний амьд явах хугацаанаас хамаагүй урт, үр дүн нь өөрөөс нь хойно болно гэсэн бэртэгчин санаа энэ бүх гамшгийн, энэхүү үл тоомсорлолтын гол шалтгаан нь болж байгаа гэхэд хилсдэхгүй.

Цөлжилтийг элсний нүүдэл төдийгөөр төсөөлж, зөвхөн говьд л бий болдог, орон нутгийн үзэгдэл хэмээн дутуу дулимаг тайлбарлах явдал түгээмэл байгаа. Тиймээс зөвхөн хэсэг газар мод тарьж, элсний хаалт барих зэргээр цөлжилттэй тэмцэж байна. Элсний хаалт тавих, мод тарих нь зөв. Гэхдээ энэ нь цөлжилттэй тэмцэхэд хангалтгүй гэдгийг манайд хэрэгжсэн туршлагууд хангалттай баталсан. Монгол орны нутаг болон хил залгаа Өвөр Байгаль, ӨМӨЗО-д мал бэлчээрлэлтийн нөлөө ихсэхэд ургамлын тоо цөөрч, мал идэхгүй ургамал их ургадаг гэсэн судалгаа гарсан байна. “Цөлжилт” хэмээх энэ нэр томъёолол сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд идэвхтэй ашиглагдаж иржээ. Францын эрдэмтэн Келлер 1923 онд цөлжилтийг тодорхойлохдоо “Бэлчээрийн хэт их ашиглалтаас үүдэн бий болох ургамалын бүрхэвчийн өөрчлөлтийг цөлжилт гэнэ” гэжээ. Францын эрдэмтэн, судлаач Обревиль 1949 онд цөлжилтийн талаар дэвшүүлсэн тодорхойлохдоо “Ойг хэт ихээр огтолсны улмаас тухайн бүс нутагт ургамалын бүрхэвч өөрчлөгдөж, цөлийн мэт экологийн нөхцөл бүрэлдэхийг хэлнэ” гэжээ. Францын эрдэмтэн Босерап 1965 онд цөлжилтийн талаархи тодорхойлолтыг дэвшүүлэхдээ “Цөлжилт, газрын доройтол нь хүн ам хэт их төвлөрсөн газар бий болох ба газрын хөрсөнд хэт их дарамт үзүүлсэнээр ургамлын ургах чадварыг үгүй хийж, улмаар цөлийн экосистем бүрэлдэхийг хэлнэ” гэжээ. Судлаач Лэмпри 1975 онд цөлжилтийн талаар тодорхойлжээ. Тэрээр “Цөлжилт гэдэг нь цөлийн бүс давшиж, тэлэх үйл явц бөгөөд тэр хэмжээгээр үржил шимт газар хорогдож байна гэсэн үг. Тиймээс цөлжилт гэдэг нь цөлийн давших хурд юм. Сахарын цөл жилд 5.5км хурдтайгаар давшиж байгаа” гэж тодорхойлсон байна. Судлаач, эрдэмтэн Соутгэйт 1990 онд цөлжилтийн талаар өөрийн тодорхойлолтоо дэвшүүлжээ. “хүн амын хэт их өсөлт, төлөвлөгөөгүй Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа нь газрын хөрсний ургамал ургах чадамжид маш их хэмжээний дарамт бий болгодог. Ингэснээр хөрс илэгдэж, улмаар цөлжилт бий болно” гэжээ. Судлаач Грэпперуд 1996 онд цөлжилтийн талаар ийн тодорхойлжээ. “Цөлжилт бий болох хамгийн гол шалтгаан нь хүн амын хэт их өсөлт ба тэдгээрийн зүгээс газрын гадаргад үзүүлэх нөлөө” гэжээ. Судлаач, газарзүйч Фернандез 2002 онд цөлжилтийн талаар өөрийн тодорхойлолтыг дэвшүүлжээ: “Байгалийн баялагийг бодлого төлөвлөлтгүйгээр хэт их ашиглах, газрын зохион байгуулалтыг буруу хэрэгжүүлсэнээс болж газрын бүрхэвч доройтож ургамал ургаргүй байх нөхцөл бүрэлдэхийг цөлжилт гэнэ” хэмээн тодорхойлжээ. · Судлаач, экологич Принц 2002 онд цөлжилтийн талаар тодорхойлохдоо “Газрын бүрхэвчийн доройтол, цөлжилт нь хүний буруу үйл ажиллагаанаас үүдэн бий болох ба зогсоох боломжгүй” гэж тодорхойлжээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенциэс тодорхойлохдоо “Цөлжилт гэдэг нь хагас хуурай, хуурай, гандуу, чийг дутмаг нутаг дэвсгэрт уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн хүчин зүйлээс үүдэлтэй газар буюу газрын бүрхэвчийн доройтол” хэмээсэн байна. Дэлхий дээр таван тивийн 110 орчим улс буюу нийт хуурай газрын тавны нэг нь цөлжилтөд өртсөн бөгөөд цөлжилтийн хурд нь жилд 0.5 сая км хавтгай дөрвөлжин байна хэмээн БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн судлаач доктор Сиао Хуй Яанг өөрийн судалгааны бүтээлдээ дурьджээ. Өдгөө дэлхийн хуурай газрын 30 хувь нь буюу 100 орчим улс цөлжилтөд өртсөн ба талбайн хэмжээ нь 36 сая хавтгай дөрвөлжин болж байна. Цөлжилтийн тэлэх явц жилд 50000-70000 км квадратын хурдтайгаар тэлж байна хэмээн Бээжингийн их сургуулийн судлаач Лунжун Цы дурьджээ. Тэрээр “Цөлжилт Африк тивийн нийт нутгийн 77.8 хувь, Ази тивийн нийт нутгийн 83.7 хувьд нөлөөлсөн гэж өгүүлжээ. Харбины Боловсролын их сургуулийн судлаач, профессор Ван Зи Фу “Дэлхийд цөлжилтөд өртсөн нутаг нь 40 сая км хавтгай дөрвөлжин хүрэх ба 100 гаруй улсын хоёр тэрбум гаруй хүн цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртжээ. Эдгээр улсууд цөлжилтөөс үүдэн жилд 42.3 тэрбум ам.долларын алдагдалд ордог гэжээ.

Цөлжилтөд 1.2 тэрбум хүн ямар нэг байдлаар өртсөн бөгөөд нийт хуурай газрын тавны нэг буюу буюу 40 сая км хавтгай дөрвөлжин талбай өртжээ. Энэ нь Канад, АНУ, ОХУ болон БНХАУ-ын нутаг дэвсгэрийг нийлүүлсэнтэй дүйцнэ. Дашрамд өгүүлэхэд эдгээр тоонууд бол 2006 оны тоо баримтууд. Монгол улс цөлжилтөд хүчтэй өртөж буй арван улсын тоонд багтсан байгаа аж. Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал Монгол Улсын нутаг дэвсгэрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх магадлалтай гэж судлаачид үздэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 78 орчим хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн байна. Цөлжилт энэ эрчээрээ үргэлжлээд байвал 2080 он гэхэд Хэнтий болон Хөвсгөл аймгийн нутгаас бусад хэсэг цөлжилтөд өртөж, ургамал ургах чадваргүй болно гэсэн урьдчилсан тооцоо бий. 2010 оны судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөнд өртсөн ба үүнээс 35.3 хувь нь сул, 25.9 хувь нь дунд зэрэг, 6.7 хувь нь хүчтэй, 9.9 хувь нь нэн хүчтэй өртжээ. Цөлжилтийн шалтгаан Монгол Улсад эрчимжиж буй цөлжилт нь хүний, байгалийн гэсэн хоёрзүйлээс бий болжээ. Цөлжилтөд нөлөөлөх хүний хүчин зүйл нь 87 хувь байхад байгалийн хүчин зүйл нь 13 хувь болж байгаа. Байгалийн хүчин зүйлд царцаа болон үлийн цагаан оготны тоо огцом нэмэгдэх, ган, салхи, шороон шуургыг хамруулдаг. Харин хүний хүчин зүйл гэсэн ойлголтонд Бэлчээрийн даацыг хэтрүүлэх, хариуцлагагүй уул уурхай, таван хошуу малын сүргийн бүтцийн тэнцвэр алдагдах, ядуурал, төлөвлөгөөгүйгээр ХАА-н үйл ажиллагаа явуулах, ойн нөөцийн хомсдол, тээврийн жолоочдын дур зоргоороо гаргасан зам зэргийг хамруулдаг байна.

Монголчууд бид эрт цагт аргамжааныхаа гадсыг сугалаад нүхийг нь бөглөж, алга дарам газраа хамгаалдаг сайхан уламжлалтай байсан бол талын чинээ газраа ухаж сэндийлээд нөхөн сэргээхгүй хаях болжээ. 2010 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагаа явуулсан нутаг дэвсгэрийн дөнгөж 18 хувь нь нөхөн сэргээгдсэн байна гэсэн судалгаа бий. Энэ бол хангалтгүй тоо баримт. Уул уурхайн үйл ажиллагаанд нэрвэгдсэн болон цөлжсөн нутгийг хэсэгчлэн орон нутгийн иргэдэд шилжүүлж ургамалжуулах: Цөлжилтийг багасгах хамгийн энгийн арга бол мод тарих юм. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Эрдэмтдийн үзэж байгаагаар 100 га талбайг ойжуулахад хур тунадас татах шидтэй ажээ. Мод хөрсийг шаардлагатай чийг, амин дэмээр үргэлж тэтгэж байдаг. ой мод тарьж ургуулсанаар элсний нүүдлийг зогсоож, ургамал ургах нөхцлийг бүрдүүлж, газрын чийгийг хадгалан ашиг шимийг нь ч өөрсдөө хүртэх боломжтой юм. Модыг уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй нутаг дэсгэрийн ойр орчмын сум, баг, бэлчээрт, эсвэл нөхөн сэргээлт хийснийхээ дараа говь, цөлийн бүсэд тэсвэртэй жигд, захуй, харгана, бударгана, хайлаас, заг зэрэг ургамлыг тарьж болно. НҮБ-аас гаргасан судалгаагаар хэрвээ тус улсын нийт нутаг дэвсгэрийн 10-аас бага хувийг ой мод эзэлж байвал нөөц багатай улс хэмээн тооцдог. Монгол орны хувьд нутаг дэвсгэрийнх нь долоон хувийг ойн бүрдүүлэх ба дээрхи ангилалын дагуу ойн нөөц багатай орны тоонд орно. Монгол Улсын нутаг дэвсгэр өндөр уулын, уулын тайгын, ойн, хээрийн, говийн цөлийн гэсэн нийт зургаан бүсэд хуваагдах ба говийн болон цөлийн бүс нийлээд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 43 хувийг бүрдүүлдэг ажээ.