Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ

Монголын Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ. Дэлхийн өнцөг булан бүрээс 250 дурсгалт газрууд өрсөлдсөнөөс Монголын Урлагийн Зөвлөлөөс дэвшүүлсэн Чойжин ламын сүм музей 25 дурсгалт газрын нэгээр сонгогдсоныг “World Monuments Fund” сангаас өчигдөр зарлалаа. Олон улсын бие даасан экспертүүдийн саналыг үндэслэн сонгосон эдгээр 25 дурсгалт газрууд уг хөтөлбөрийг үүсгэн байгуулагч “American Express болон Stavros Niarchos” сан, “Ford” сангаас олгох нийт 1.6 сая ам.долларыг санхүүжилтээс соёлын өвийг хамгаалах төслүүдээ хэрэгжүүлэх аж.

“Өв Эрдэнэ" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Келли 2019 онд Чойжин ламын сүм музейн барилгын нөхцөл байдлын судалгааг хийж, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг олон улсын стандартын дагуу боловсруулж байгаа юм байна. Энэ хүчин чармайлтыг дэмжиж тус сангаас Чойжин ламын сүм музейг олон улсын анхаарлын төвд авчирч, сэргээн засварлалтын талаарх техникийн туслалцаа болон олон улсын хамтын ажиллагааг хоёр жилийн турш явуулах болжээ.

XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг нь “Чойжин ламын сүм” юм.

Нэгэн цагт Монголын ард түмэн 700 гаруй сүм хийд бүтээн босгож, соёлын үр цэцэглэн хөгжүүлж байсан сайхан түүхтэй. Тэр бүх сүм хийд дотроос Чойжин ламын сүм тун өвөрмөц онцлогтой.

Энэ сүмийг Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтын төрсөн дүү, Төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавт зориулж Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлага дор монгол урчуудын уран гараар бүтээжээ. Тухайн үед манай улс Манжийн эрхшээлд байсан тул Монгол Улсын төрийг хамгаалан чойжин бууж байх зориулалттай сүм барихыг Манжийн зүгээс эсэргүүцэж байж. Тиймдээ ч 1896-1902 онд ард түмний хандив тусламжаар Зүүн хүрээнд тусгайлан босгосон Чойжин ламын сүмийг учир битүүлгээр 1903 онд галдан шатаасан юм.

Гэвч Чойжин лам урд хойдохыг нэгэнтээ харах чадалтай байсныхаа хувьд Төрийн чойжин бууж байх, улмаар цэвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүм барьж байгуулахыг нэн чухалд тооцож, улмаар хойтон жил нь буюу 1904 оноос эхлэн өөрийн хөрөнгөөр сүм барьж эхэлжээ. Цаг төрийн байдал ороо бусгаа байсан тул Чойжин лам сүм барих ажлыг машид шуурхайлж, ердөө л хоёрхон жилийн дотор 55 өрөө тасалгаа бүхий дахин давтагдашгүй уран барилгын цогцолбор бүтээн босгож, дотор заслын ажил эхлүүлжээ.

1942 оноос “Шашны түүхийн музей” болж, 1960 он хүртэл судалгаа шинжилгээний ажил хийх, эсвэл тусгай зөвшөөрлөөр гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалттай музей байснаа 1962 оноос ард түмэнд үйлчилж эхэлсэн байна.